BLOOMBERG: WSJ-ын сэтгүүлч Эван Гершковичыг баривчлах тушаалыг В.Путин өгсөн

Admin | 2023-04-14


Америкийн “Wall Street Journal”-ын сэтгүүлч Эван Гершковичыг баривчлах тушаалыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр өгсөн гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжийн мэдээллээс эш татан уламжлав. Э.Гершкович Хүйтэн дайн дууссанаас хойш ОХУ-д “тагнуул хийсэн” хэргээр баривчлагдсан анхны сэтгүүлч болж байна. “Bloomberg” агентлагтай ярилцсан хүмүүс (хүмүүсийн нэрийг нууцалсан) “тааламжгүй” гадаад сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт татахад төрийн тэргүүн оролцсон нь Кремльд Вашингтонтой сөргөлдөөнийг хурцатгахаас буцахгүй хүмүүсийн нөлөө нэмэгдэж байгааг харуулж байна гэжээ.   

Европын улс төрийн судалгааны төвийн захирал Алина Поляковагийн хэлснээр, Э.Гершковичыг баривилсан нь зөвхөн АНУ-д төдийгүй, бүх Европын орнуудыг сүрдүүлж байгаа хэрэг гэнэ.  “Bloomberg” агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж америк сэтгүүлчийг “тагнуул” хийсэн хэмээн баривчлах санаачилгыг Оросын тусгай албаны өндөр албан тушаалтнууд гаргасан гэж мэдэгджээ. Тусгай алба В.Путинд шууд харьяалагддаг аж. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэ бол В.Путины шийдвэр биш. Өөрсдийн ажлаа гүйцэтгэсэн тусгай албаны бүрэн эрхэд хамаарах асуудал” хэмээн мэдэгдсэн байна.  

Оросын тал Америкийн “The Wall Street Journal” хэвлэлийн сэтгүүлч Эван Гершковичыг энэ оны гуравдугаар сарын 29-нд Екатеринбург хотод “тагнуул” хийсэн гэж баривчилсан. Шүүхээс Э.Гершковичыг хоёр сар хорих шийдвэр гаргасан. ОХУ-ын мөрдөн байцаах албанаас түүнийг АНУ-ын зааврын дагуу Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын талаархи мэдээллийг цуглуулсан гэж буруутгаж байгаа. Э.Гершкович хэргээ хүлээн зөвшөөрөөгүй. “Wall Street Journal”-ын редакц тагнуул хийсэн хэргийг эрс үгүйсгэж, “Э.Гершкович мэргэжлийн ажлаа л хийсэн” гэж мэдэгджээ. “Украины дайнд идэвхтэй оролцож байгаа ОХУ-ын “Вагнер” хувийн цэргийн компанийн бүрэлдэхүүнд орж фронтод амь үрэгдсэн хүмүүсийн талаар Екатеринбургийн оршин суугчдаас санал асуулга явуулсан” хэмээн сонины редакц мэдээлэв.  

АНУ-ын Төрийн департамент сэтгүүлч Эван Гершковичыг Орост “хууль бус баривчлагдсан хүн” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, түүнд барьцаалагдсан хүний статус олгожээ. Уг статусаар Вашингтон сэтгүүлчийг суллахын тулд нэмэлт механизм ашиглах, тухайлбал, АНУ-ын иргэнийг солилцох аргаар суллах талаар хэлэлцээ явуулах боломж олгодог. ОХУ-ын хуулиар “тагнуул” хийсэн хүнд 20 жил хүртэл шоронд хорих ял оноодог. АНУ өмнө нь иргэддээ хандаж аюулгүй байдлын үүднээс Оросоос гарахыг анхааруулж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)