ДЭЛХИЙН БАНК: Инфляц энэ онд 9.5 хувьтай байх төлөвтэй

Admin | 2023-04-20


Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн тоймд манай улсын эдийн засаг энэ онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байна гэжээ. Монголын эдийн засаг өнгөрсөн онд 4.7 хувиар өссөнөөр уул уурхайн салбарын олборлолт, экспорт тэлж, цар тахлын дараа үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэж байгаа юм. Мөн хөдөлмөрийн зах зээл сайжрахын хэрээр өрхийн хэрэглээ хадгалагдаж, улсын хөрөнгө оруулалт тэлснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Гэхдээ өвөлжилт хүндэрснээс хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл саарах төлөвтэй ч цар тахалтай холбоотой хязгаарлалтыг сулруулснаар аялал жуулчлалын салбар идэвхжиж, дээрх сөрөг нөлөөг нөхөх боломжтой аж. 

Харин инфляц 9.5 хувьтай байна гэж төсөөлжээ. Гэвч түлш, хүнсний үнийн өсөлт зэрэг импортын инфляц нь 2022 оныхтой харьцуулахад намжих ч дотоодын инфляцид дарамт болох магадлалтайг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Хосе Лүнз онцоллоо. Тэрбээр, “Төсвийн алдагдал 2023 онд хадгалагдсан хэвээр байна. Төсвийн зардал орлогоо давсан ч хэмжээ нь бага байна. Үүнтэй холбоотой төлбөрийн тэнцэлд тодорхой хэмжээний дарамт учирсаар байх болно. Учир нь импортын өсөлт, мөн Хөгжлийн банк болон томоохон бондуудын эргэн төлөлт хүлээгдэж байгаа” гэв.

Дэлхийн банкны тайланд эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлүүдийг мөн дурдсан байна. Тухайлбал, хөгжингүй орнууд мөнгөний бодлогын төлөвөө чангаруулах, геополитикийн хурцадмал байдал даамжрах, Засгийн газрын өр төлбөрүүд хуримтлагдах, нүүрсний экспортын гэрээтэй холбоотой тодорхой бус байдал хэвээр хадгалагдах нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэжээ.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр эдийн засгийн өсөлт 2024-2025 онд 6 хувиас давж өсөх төлөвтэй ч тогтвортой өсөлтийг хангах, дотоод, гадаад болон цаг уурын цочмог нөлөөлөлд тэсвэртэй байдлыг сайжруулахын тулд эдийн засгийн төрөлжилтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтүүд ач холбогдолтойг Дэлхийн банкны эдийн засагчид тайлбарлав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)