Цагаан будааны хомсдол үүсч болзошгүй

Admin | 2023-04-20


“Fitch Solutions”-оос гаргасан судалгаанд 2023 онд дэлхийн цагаан будаа тариалалт буурсны улмаас сүүлийн 20 жилд байгаагүй хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа талаар мэдээлэв. Гэтэл дэлхийн хүн амын талаас илүү хувь нь өдөр тутамдаа цагаан будаа хэрэглэдэг. Тиймээс цагаан бууданы дэлхийн зах зээлд асуудал үүсч магадгүй.

Дэлхийн цагаан будаа тариалалтын 29.3 хувийг Хятад, 24.1 хувийг Энэтхэг бүрдүүлдэг аж. Тус хоёр улс томоохон тариалагч байгаад зогсохгүй хамгийн том хэрэглэгч болж буй. Гол асуудал нь өнгөрсөн зун Хятадад сүүлийн 60 жилд тохиогоогүй ган гачиг болсны улмаас цагаан будааны тариалалт нь буураад буй. Нэмээд өнгөрсөн есдүгээр сард Энэтхэгээс цагаан будаа импортлохдоо 20 хувийн татвар төлөх болсон гээд асуудал их.

Дээрх асуудлаас болж зарим нэг эрсдэл гарч болзошгүй. Нийт цагаан будааны 84 хувь нь ердөө 10 улсад л тариалагддаг. Ийм учраас цагаан будааг импортоор авдаг орнуудад хүндхэн нөхцөл үүсэх юм. Түүнчлэн цагаан будааны 90 хувийг хэрэглэж буй Ази номхон далайн бүс нутагт хомсдолоос болж үнэ өснө. Энэ нь бага болон дунд орлоготой орнуудын инфляцыг өдөөх эрсдэлтэй.

Манай орны хувьд өнгөрсөн онд Хятадаас импортолсон цагаан будааны хэмжээ 114.7 хувь өсөж 18.9 сая ам.долларт хүрсэн байна. Цаашлаад, Улаанбаатар хотод сүүлийн гурван жилийн дотор цагаан будааны үнэ 30 хувь нэмэгдэж 1 кг нь 4751 төгрөгт хүрээд буй. Тодруулбал, дөрөвдүгээр сарын байдлаар цагаан будаа 3500-5550 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)