Дэлхийн хамгийн алдартай супер моделиудын нэг бол Ирина Шейк. Оросын хамгийн дур булаам эмэгтэйн нэгд тооцогддог тэрбээр 1986 онд ОХУ-ын Челябинск мужид мэндэлсэн бөгөөд жинхэнэ нэр нь Ирина Валериевна Шайхлисламова. Татар үндэстэн, Оросын супермодель, жүжигчин юм. Ирина Шейкийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Таныг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг гэж нэрлэдэг...
-Би өөрийгөө тийм гэж бодохгүй байна. Мэдээж хэрэг, намайг үлгэр жишээ хүн гэж үздэгт би баярладаг. Олон охид намайг үлгэр дууриал болгодог. Гэхдээ би үүнийг энгийн зүйл гэж хүлээж авдаггүй. Магтаалыг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй, би шууд ичиж байна. Надад итгээрэй, би өөрийгөө ихэнх охидоос илүү сайхан харагддаггүй гэж боддог. Өглөө босоод толинд өөрийгөө хараад байнга сэтгэл хангалуун байдаггүй. Ийм үед би өөр дээрээ илүү их ажиллаж, сайжруулах хэрэгтэй гэж боддог. Хэрэв эмэгтэй хүн өөрийгөө хөөрхөн гэж бодоод юу ч хийхгүй бол уналтад орно. Тийм учраас өөрийгөө байнга хөгжүүлж, халамжилж байх ёстой.
-Загвар өмсөгч мэргэжлийг сонгохдоо сэтгэл татам, дур булаам гэдгээ ойлгосон байх?
-Үгүй, үгүй. Сургуульд байхдаа намайг үргэлж шоолдог байсан. Намайг чунга-чанга, фанер гэж хочилно. Энэ бол тохиолддог зүйл. Би маш туранхай байсан бөгөөд хөвгүүд намайг тоодоггүй байв. Үнэндээ намайг анх ертөнцөд нээж өгсөн хүн бол Гия Жикизе. Тэрбээр намайг сонгон авч Парист аялуулахад, “надад ямар нэг онцгой зүйл байна уу” гэж анх удаа бодож байсан. Би үзэсгэлэнтэй юү? Анх удаа загвар өмсөж эхэлсэн туранхай охид шиг Парист энэ бүхний талаар огт бодоогүй. Би өөрийн дур булаам байдлаа олон жилийн туршлагаараа ойлгосон, зөвхөн мэргэжлийн хувьд хөгжсөн.
-Та хэнийг хамгийн үзэсгэлэнтэй гэж үздэг вэ?
-Би ямар нэг байдлаар хэлбэрт анхаарал хандуулдаггүй. Одоо миний хувьд эмэгтэй хүн дотроо хоосон биш байх нь чухал. Орост гэхэд сая сая үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байгаа гэдэгт би гайхахгүй, үүнийг хүлээн зөвшөөрнө. Алдартай эмэгтэйчүүдийн тухайд, Анжелина Жолигийн гоо үзэсгэлэнг биширдэг. Түүнд маш их хүч чадал, гал цог байдаг. Гоо үзэсгэлэн, нэр алдраас гадна олон нийтийн ажилд маш идэвхтэй оролцож, буяны хүмүүнлэгийн ажил гээд янз бүрийн төслийг удирддаг. Мөн Элизабет Тейлорыг дурдаж болно. Тэр зүгээр нэг үзэсгэлэнтэй биш, дотроосоо гэрэлтэж байдаг эмэгтэй. Нэг үгээр хэлбэл баатарлаг, идэвхтэй эмэгтэйчүүдэд дуртай. Гэхдээ миний хувьд гоо үзэсгэлэн, ёс суртахууны гол хэмжүүр бол хайрынх нь тухай их ярьдаг эмээ минь юм. Эмээ маань 19 настайдаа эх орноо хамгаалахаар дайны фронтод явсан хосгүй эмэгтэй.
-Эх орны тухай ярихад. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас болоод та Орос гэдгээрээ бахархаж байна уу, эсвэл эвгүй санагдаж байна уу?
-Мэдээж, бахархаж байна. Би улс төрөөс маш хол ангид байдаг. Энэ сэдвээр яриа өрнүүлэхийг хүсдэггүй. Хүн хэн байсан ч үндэс угсаа, гарал үүслээ санаж байх ёстой. Би Нью-Йорк хотын Тавдугаар өргөн чөлөөнд төрөөгүй, Оросын жирийн нэг тосгонд мэндэлсэн. Төмс, өргөст хэмх, улаан лооль тарьдаг байсан, түүгээрээ бахархдаг. Би өнөөдрийн хүрсэн амжилтаа гэр бүлийнхээ өгсөн хүмүүжилтэй салшгүй холбоотой гэж үздэг.
-Сочигийн олимпын нээлтийн ажиллагааны үеэр танд нэр хүндтэй үүрэг хүлээлгэсэн. Тэгэхэд дэлхий даяар олон сая үзэгч таныг Оросын нүүр царай гэдгийг хүлээн зөвшөөрсөн?
-Олимпын нээлтэд оролцох саналыг анх хүлээж авахдаа маш их баярласан. Тийм саналаас хэн ч татгалзаж чадахгүй болов уу. Орост байнга ирж хангалттай ажиллаж чадахгүй байсанд үргэлж санаа зовдог байв. Тиймээс тэрхүү томоохон хэмжээний түүхэн үйл явдалд оролцсондоо бахархдаг. Тийм томоохон арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсанд гайхсан.
-Үзэсгэлэнтэй байхын тулд шаргуу ажиллах хэрэгтэй гэж та хэлсэн. Үүнийг яаж хийх вэ. Ямар нэг тусгай жор, арга чарга бий юү?
-Өглөө болгон би нүүр, хүзүүгээ мөсөөр арчдаг. Үүнийг надад ээж минь зааж өгсөн. Нарны шууд тусгалаас зайлсхийж, нүүрэндээ хамгаалалтын тос түрхдэг. Орос эмэгтэйчүүд яагаад үзэсгэлэнтэй байдаг гээч? Яагаад гэвэл бид хүйтэнд амьдардаг. Испани болон итали эмэгтэйчүүд байнга наран дор байдаг учир тэд огт өөр арьстай. Өөр юу гэж? Би ус маш их уудаг. Гэхдээ зөвхөн бүлээн ус ууна, хүйтэн усыг хүний бие организм хүлээж авдаггүй. Би нүүрний тосоо хоёр долоо хоног тутамд сольдог. Хэрэв арьс тосонд дасвал үр дүнгүй болно гэдэгт би бат итгэдэг. Түүнчлэн Нью-Йоркт байнга орос халуун усанд орж, ууранд суудаг. Давс, зөгийн балыг нүүрэнд түрхдэг Оросын эртний гоо сайхны зан үйлд би үнэхээр дуртай. ХХI зуунд эмэгтэйчүүд өөрсдийн гоо сайханд анхаарах нь хэтэрхий хэцүү болоод байгаа. Ялангуяа Орост ямар нэг үнэтэй тосыг худалдаж авахын тулд мөнгөө харамлахгүй. Би үүнийг ойлгохгүй байна. Орост ардын эмчилгээ гэгддэг хялбар эко аргуудыг хэрэглэхэд л болно.
-Өнөөдөр та зар сурталчилгааны олон гэрээнээс шилж сонгох боломжтой. Өөрийнхөө ямар төслүүдээр бахархдаг вэ?
-Орост маш бага ажилладаг гэж дээр хэлсэн. Оросын хамгийн их европжсон брэнд болох “Love Republic”-тэй хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Уг брэнд эмэгтэйчүүдийг улам дур булаам харагдуулдаг.
-Та орос болон англи хэлний алинаар илүү их ярьдаг вэ?
-Миний англи хэл төгс гэж хэлж чадахгүй. Гэхдээ бизнес, ажлын хувьд мэдээжийн хэрэг би англиар илүү их ярьдаг. Өөрийгөө англи болон орос хэлтэй гэж боддог.
-Эрчүүдэд зориулсан олон сэтгүүл таныг дэлхийн хамгийн дур булаам эмэгтэйн нэг гэдэг. Та бусдыг өөртөө татах ямар нэг арга хэрэглэдэг үү?
-Эмэгтэй хүн үргэлж нууцлаг байх ёстой гэдэгт би итгэдэг. Эрэгтэй хүн төрөлхийн махчин амьтан шиг учраас тэд эхний алхмаа хийх ёстой. Хэтэрхий нээлттэй, чөлөөтэй эмэгтэйчүүд сонирхолтой биш байж магадгүй. Харилцаа бол жинхэнэ эмэгтэй хүн өөрийгөө сонирхохын тулд зальтай гэдгээ харуулдаг нарийн тоглоом юм. Эр хүн чамд хүч чадал, эрч хүчээ зориулах ёстой. Энэ нь түүний урт хугацааны харилцааны баталгаа болно.
-Төгс эр хүн ямар байх ёстой вэ?
-Ухаалаг, боловсролтой, хошин шогийн мэдрэмжтэй.
-Хөлбөмбөгийн дэлхийн аваргаар аль багийг дэмждэг вэ?
-Би орос хүн учраас ОХУ-ын шигшээ багтаа хайртай. Гэхдээ би Португалийг дэмжсэн (инээв).
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 1 Жилийн өмнө