Ким Чоль Сан: Монгол охины хэргийг шударга шийдвэрлэхэд анхаарал хандуулна

Admin | 2021-12-02


Монгол охиныг БНСУ-ын дөрвөн сурагч зодсон асуудлаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадна иргэд тайван жагсаал хийж, шаардлага хүргүүллээ. Энэхүү жагсаалын үеэр манай улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан иргэдтэй уулзлаа. Иргэн Ж.Отгонбаяр “Монгол хүний үнэлэмжийн асуудлыг бид өнөөдөр энд ярих гэж ирсэн. Цаашид энэ үйл явдал гарахгүй байх, монгол хүний эрх чөлөөнд халдахгүй байх дархлаа тогтоно гэж энэхүү албан бичгийг танд хүргүүлж байна. Сурагч охины эрхэнд халдсан энэ үйл явдлыг монголчууд хэзээ ч уучлахгүй. Монголын 40 мянган иргэн БНСУ-д ажиллаж байна. Энэ залуусыг бид Солонгосын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж хардаг. Бид баян улсын ард түмэн. Бидний хөгжил цаг хугацааны асуудал.

Бид цаашид олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж солонгос хүүхдүүд монгол охиныг яаж тамласныг дэлхийд цацах болно. Гэхдээ бид ингэж, хоёр улсын харилцаанд сэв суулгахыг хүсэхгүй байна. Солонгосын Элчин сайдын яам энэ үйл явдалд албан ёсоор уучлалт гуйх ёстой гэдгийг хатуу хэлье. Солонгост амьдардаг монголчуудын эрх, үнэ цэн бидэнд маш чухал гэдгийг та ойлгоорой. Хохирогч монгол охинд дараах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхийг шаардаж байна” гэв.

Түүнчлэн иргэд нэгд, БНСУ-ын хуулийн зүгээс үйлчилгээ үзүүлэх нөхөн төлбөрийг шаардав. Хоёрт өмгөөллийн үйлчилгээ болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхийг шаардсан юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан “БНСУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жил болжээ. Манай хоёр улс найрсаг хамтын үйл ажиллагаатай. Гэвч энэ цаг үед ийм харамсалтай хэрэг гарсанд Элчин сайдын яамны дипломат ажилтны хувьд маш их харамсаж байгаагаа илэрхийлье.

БНСУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтны хувиар энэхүү болсон үйл явдлыг нэн даруй шударгаар шийдвэрлэх талаар холбогдох байгууллагад хандсаар байх болно. Мөн БНСУ-ын Засгийн газрын зүгээс энэ хэргийг нэн даруй, шуурхай, шударга шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллах болно. Үүний үр дүнг бид гарсан даруйд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдэх болно”

гэсэн тайлбарыг өгсөн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)