Монголд боомтоор ачаа бараа орж ирэх дундаж хугацаа нь 25 өдөр байна

Admin | 2023-05-02


Дэлхийн банкны 139 орныг хамруулсан тээвэр логистикийн гүйцэтгэлийн индекс (ЛГИ)-ийн тайланд Монгол 2.5 оноотойгоор 97-д бичигдсэн байна. Тус индекс нь 1-5 оноогоор улс орнуудын ачаа бараагаа хилээрээ хэр хурдан шуурхай, найдвартай зөөвөрлөх чадвар болон худалдааны бодит хурдыг үнэлдэг. Сонирхуулахад ЛГИ-ийн тайлан хамгийн сүүлд 2018 онд гарч байсан билээ.

Тус тайлангийн онцлох хэсэг нь 2023 оны ЛГИ-ийн дундаж оноо 2018 оныхтой бараг ижилхэн байв. Энэ нь логистикийн үйлчилгээ үзүүлэгчид нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг гадаад орчны эрс тэс өөрчлөлтөд дасан зохицох чадвар сайтай байсныг харуулж буй.

2018 онд тус жагсаалтыг Герман тэргүүлдэг байсан бол энэ удаагийн тайланд Сингапур 4 байр ахин тэргүүлэх болов. Жагсаалтын сүүлийг Ливи 1.9 оноогоор мушгив. Ер нь л сүүлд орсон орнууд гааль болон боомтуудын үйл ажиллагааг орчин үетэй хөл нийцүүлэх, дэд бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байна.

Өнгөрсөн онд ачаа барааны боомт руу орохоос гарах хүртэлх дундаж хугацаа 44 хоног байв. Гэтэл стандарт нь 10.5 өдөр байдаг аж. Түүнчлэн ачаа бараа тээвэрлэх хугацааны 60 хувь нь далайн тээвэрлэлтэд өнгөрчээ. Харин улс орнуудын хил гаалийн дэд бүтэц, технологи зэрэг үзүүлэлтүүд сайжирчээ.

2018 онд Монгол Улс тус жагсаалтад 2.4 оноогоор 167 орноос 129-т жагсаж байв. Харин энэ удаад 97-д бичигдсэн ч 31 орон хасагдсан гэдгийг санах хэрэгтэй. Онооны хувьд 2.4-с 2.5 болж 0.1 функтээр нэмэгджээ. Монгол шиг далайд гарцгүй оронд хамгийн том асуудал нь тээвэрлэлтийн дэд бүтэц сул байгаа явдал. Тус тайланд дурдсанаар Монголд боомтоор ачаа бараа орж ирэх дундаж хугацаа нь 25 өдөр байдаг аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)