BLOOMBERG: ОХУ валютын нөөцийн худалдан авалтаа үргэлжлүүлнэ

Admin | 2023-05-03


Газрын тосны экспортын орлого тогтворжиж буйтай холбоотой ОХУ энэ сараас гадаад валютын худалдан авалтаа сэргээхээр болжээ. Эхний ээлжинд 200 сая ам.доллартой тэнцэх хэмжээний юань худалдаж авна гэж “Bloomberg” мэдээлэв. Хэдийгээр АНУ болон Европын орнууд Оросын сан хөмрөгийг багасгах гэж олон төрлийн эдийн засгийн хориг тавьсан ч гэсэн газрын тосны экспортын орлого нэмэгдэж байгаа. “Bloomberg” агентлагийн онцолж буйгаар, Оросын эрчим хүчний экспортын орлого одоогоор зорилтот түвшнээс давахад ойрхон гэнэ.

“Bloomberg Economics”-ын тооцоолсноор, эхний ээлжинд сар бүр 200 сая ам.доллартой тэнцэхүйц хэмжээний юань худалдаж авах аж. Энэ талаарх ОХУ-ын Сангийн яамны мэдэгдэл энэ долоо хоногт гарах төлөвтэй байна. “Гадаад валютын худалдан авалтын хэмжээ эхэндээ бага боловч бэлгэдлийн шинж чанартай байх болно, учир нь энэ нь тухайн улс нөөцөө дуусгах биш, нэмэгдүүлж байгааг харуулах болно” хэмээн “Bloomberg” Оросын эдийн засагч Александр Исаковын хэлсэн үгнээс эш татав.

Валютын худалдан авалтыг сэргээснээр ОХУ нь хориг арга хэмжээ болон G7-ийн орнууд болон Европын Холбооноос Оросын нефтийг худалдан авагчдад тогтоосон "үнийн дээд хязгаар"-ын үед нефтийн долларын урсгалыг хадгалах чадварыг онцолж байгааг тэмдэглэсэн байна. Цэргийн зардлын улмаас ОХУ-д төсвийн санхүүгийн байдал хүндхэн, алдагдал маш өндөр хэвээр байгаа хэдий ч Оросын төсөв тогтворжиж байна гэж агентлаг мэдэгдэв.   

“Их 7” болон Австрали, Европын холбооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд Оросын нефтийн үнийг тонн тутамдаа 60 ам.доллароос дээшгүй байлгах “дээд хязгаар” тавьсан билээ. Түүнчлэн энэ оны хоёрдугаар сард Оросын газрын тосны бүтээгдэхүүнд түүхий эдийн төрлөөс хамаарч баррель тутамд 45-аас 100 ам.долларын “үнийн тааз”-тай болгосон. “Bloomberg”-ийн мэдээлснээр, нефтийн бүтээгдэхүүний экспортод үнийн дээд хязгаар тавьсны дараа Оросын газрын тосны баррель нь 74 ам.доллар хүрсэн гэнэ. Энэ нь үнийн дээд хязгаар болох 60 ам.доллароос 20 хувиас илүү өндөр үзүүлэлт юм.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)