Хоёр сарын хугацаанд ам.долларын ханш 48 төгрөгөөр буурав

Admin | 2023-05-05


2023 он гарснаас хойш нэг ам.доллар 3500 төгрөгийг давсан. Харин гуравдугаар сар гарснаас хойш долларын ханш төгрөгийн эсрэг 1.4 хувь сулраад байна. Валютын ханшид бодлогын хүү, инфляц, эдийн засгийн бусад үзүүлэлтүүд, улс төрийн шийдвэр, Засгийн газрын өр, зах зээлийн мэдрэмж зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй. Гуравдугаар сарын 1-нд нэг ам.доллар 3521 төгрөгтэй тэнцэж байсан бол хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 1-нд 3473 төгрөг болсон. Энэ нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг 1.4 хувиар суларсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш 48 төгрөгөөр буурсан байна.  

Нийт валютын нөөцийн хэмжээ жилийн өмнөхөөсөө буюу арилжааны банкнууд ам.долларын гүйлгээнд лимит тогтоогоод байсан үеэс 11.6 хувь өсөж 3.7 тэрбум ам.долларт хүрэв. Валютын нөөц ихсэх нь импортын зардал огцом өсөх зэрэг гаднын нөлөөллөөс хамгаалах, валютын тогтвортой байдлыг хангах замаар хөрөнгө оруулагчдыг татаж мөнгөн тэмдэгтийн эрэлтийг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн энэ оны I улирлын экспортын хэмжээ жилийн өмнөхөөс 96 хувь, импорт 14.7 хувь тус тус нэмэгдсэнээр нийт бараа эргэлт 5.7 тэрбум ам.долларт хүрсэн. Улмаар гадаад худалдааны ашиг 7.9 дахин өсөж 1.8 тэрбум ам.доллар болов. Мэдээж гадаад худалдааны ашиг нэмэгдэх нь валютад эергээр нөлөөлсөн.

Цаашлаад Засгийн газар 2022 оны сүүлээр “Чингис” бондын үлдэгдэл 136.8 сая ам.долларыг төлсөн бол энэ сарын 1-нд “Гэрэгэ” бондын үлдэгдэл 368.7 сая ам.долларыг барагдуулав. Энэ нь манай зээлжих чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлснээр валютын эрэлтийг нэмж, ханш чангарах нөхцөл бүрдэх юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард сүүлийн таван жилийн дээд түвшин буюу 112.1 ам.долларт хүрээд байсан долларын индекс (USDX) тухайн үеэсээ 9.4 хувь унаад байна. Үүнд бүх улс орнууд төлбөр тооцоогоо ам.доллароор хийдэг байсан цаг үе алсарч юань болон дижитал валютууд хүчээ авсан нь нөлөөлөв. Тиймээс долларын индексийн бууралт нь бусад валютын ханш чангарахад хүргэж буй.

Төгрөгийн чангарлыг урт хугацаанд хадгалахын тулд экспортын өрсөлдөх чадварыг дэмжих, цаашлаад улс төрийн тогтвортой байдлыг хангах замаар бизнесийн таатай орчныг хадгалж валютын ханшийг бэхжүүлэх хэрэгтэй байна даа...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)