Улстөрийн хүрээнийхэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогтыг солихоор тохирсон уу?

Admin | 2023-05-11


“Эрдэнэс Монгол” гэдэг “эрдэнэсийн арал” манайд бий. Улсын төсвийг бүрдүүлэгч гол салбар уул уурхайн төрийн өмчит бүх компаниуд “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд очсон. Дээр нь уул уурхайн хувийн хэвшлийн компаниуд ч зөвхөн “Эрдэнэс Монгол” ХХК-д зам ашигласны төлбөр гэх мэт улсад тушааж болох бүхий л төлбөр хураамжийг энэ компани руу шилжүүлдэг. Нэг ёсондоо “Эрдэнэс Монгол” бол хоёр дахь улсын төсөв л гэсэн л үг. Мөнгөний эх уурхай болсон ийм компани руу мацах сонирхол хэн бүхэнд бий. Ямар  сайндаа л УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад авлига авч байгаад үйлдэл дээрээ хуулийнханд баригдаж Монголоор нэг дуулиан болох вэ дээ. Авлигын үйлдэл дээрээ л баригдсан болохоос биш Д.Хаянхярваагийн үед “Эрдэнэс Монгол” ХХК дээр нэг их асуудал дуулддаггүй байлаа.

Харин Д.Хаянхярваагийн албыг үргэлжлүүлж авсан хүн бол Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан С.Наранцогт юм. С.Наранцогт энэ компанийг удирдаж эхэлснээс хойш ашиг сонирхол, албан тушаалын наймааны асуудал тасрахаа больж, төрийн өмчийн энэ том компани хамгийн муухай харагдах боллоо.

С.Наранцогт нь “Эрдэнэс Монгол” ХХК-д ирэхээсээ өмнө Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, түүний өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж явсан нөхөр. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах 30 автобусны тендерт ноцтой ашиг сонирхлын зөрчил гаргасан талаар Хотын дарга Д.Сумъяабазар олон нийтэд зарласан.

Энэ тухай Хотын Д.Сумъяабазар “…30 автобусны тендер зарласан. Тендер гэж заваан юмыг яах вэ. Нэгд шалгарсан компани нь хоёр удаа худалдан авахаар орсон байх юм. Сангийн яам руу явуулсан. Би нэр цохож байгаад халье. Сангийн яамны  ТНБД С.Наранцогт “Дөрөв дэх компанийг нь шалгаруул. Хэрэв үүнийг шалгаруулахгүй бол АТГ руу бичиг хлүтргүүлнэ” гэсэн албан бичиг явуулсан байсан. Сангийн яамны ТНБД С.Наранцогт хэлсэн шүү. Тендерийн хуулин дээр дандаа ингэж завааруулдаг. Эцэст нь хотын иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгө яригдана. Автобус шатвал С.Наранцогт хариуцлага хүлээх үү. Тиймээс би зориуд нэр цохож хэлж байна. Ингэж садаа болдог садаанууд, гайнууд, шуналтангууд, эрх мэдэлд дулдуйдагч нарын хийж байгаа ажлын үр дүн” хэмээн ихэд бухимдаж С.Наранцогтыг нэр цохон зарлаж байлаа. Сангийн яамны ТНБД хүн Улаанбаатар хотын захирагч руу “Тендерт өөр компани шалгаруул” гэж шаарддаг маш том эрх мэдэл, маш хортой хууль бус үйлдэл юм.

Тэгвэл С.Наранцогтын ашиг сонирхол илт гаргадаг явдал “Эрдэнэс Монгол” ХХК дээр ирсний дараа ч давтагдаж эхэлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” ХХК дээр очиж, Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилгын хүрээнд тус компанийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй 2-12 сая төгрөгийн цалинтай 88 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байгаагаа мэдэгдсэн байдаг. Үүний дагуу сонгон шалгаруулалт явагдсан. Гэвч сонгон шалгаруулалт хуудуутай, С.Наранцогтын илт ашиг сонирхол орсон хүмүүс шалгарсан талаар маш ноцтой баримтууд яригдаж эхлээд байна. Энэ тухай шалгалтанд орж бодит нөхцөл байдалтай нүүр тулсан иргэд:

  • Ёстой урамгүй юм билээ. Өдөр шөнөгүй бэлдээд тeстийн шалгалтанд нь чиглэлдээ хамгийн өндөр авсан. Ярилцлага нь нэг их сүртэй мэдлэг хандлага шалгаад байгаа ч юмгүй хоорондоо эeлдэг сайхан хэдэн үг солилцоод л дууссан. Гэтэл оноогоороо тээр хойно байсан нэг хүнд гоцорсон өндөр оноо өгөөд нэгт оруулсан байхаар нь хүнтэй харьцуулахын аргагүй бурхан мэт хүн л гарч ирждээ гэж бодоод өнгөрсөн. Дараа нь мэдсэн чинь С.Наранцогттойгоо цуг Сангийн яаманд ажилладаг байсан хүн гэнэ лээ. Монголд шудрага юм гэж байхгүй хэвээрээ л байгаа юм байна.
  • С.Наранцогт нь өөрөө инээж сууж байгаад л өөрийнх нь татах хүмүүсээс илт өндөр оноо авсан хүмүүсд бараг тэг оноо тавиад байсан. Тэгэх л байсан юм бол тeстийн шалгалтдаа яах гэж хамгийн өндөр 70 оноог ч хуваарилсан юм бэ. Ёстой бүтэхгүй төр засаг байна” гэх хүмүүс ч байна.
  • Хамгийн сэжигтэй нь өмнө нь танилцуулж байснаасаа өөрөөр журмаа зөрчиж С.Наранцогт өөрөө ахлах мeнeжeрүүдийн ярилцлагын шалгалтын комиссын бүрэлдэхүүнд орж суусанд байгаа юм. Комиссын гишүүн хөндлөнгийн гурав буюу нийт 21 хүмүүст бүгдэд захиад нөлөөлөөд байж чадахгүй болохоор өөрөө л шууд дунд нь орж сууж захиастай татаасны хэдэн хүнээ оноогоор нь татах гэж орж ирсэн. Тэгэхгүй бол нөгөө татаасны хэд нь ярилцлагын шатнаасаа гарч ирж өөрийнх нь сонгох гурван хүнд багтахгүй болчих гээд байсан биз. Анх танилцуулсан журам дээрээ бол хөндлөнгийн комисс гурван хүн шалгаруулаад тэрнээс нь захирал нь сонгоно гэж байснаа гэнэт өөр болоод явчихсан.
  • Хэдэн ахлахуудын оноог харахад л ямар ч эрүүл логик сэтгэлгээтэй хүн хараад илт хуурмаг болсоныг нь ойлгочихоор юм билээ. Тэр ярилцлага дээр нь илт хэрүүл зодоон л хийгээд байсан юм биш бол ямар ч хүн бүр 50-иас доош хувь авна гэж юу байхав дээ. Eр нь бол ойролцоо л ажилласан жилийн туршлагатай адилхан л мэргэжилтэй хүмүүс хэдхэн онооны л наана цаанаа дүгнэгдэхээс биш тэнгэр газар шиг илт ялгаатай оноо авна гэж юу байхав дээ. Хамгийн инээдтэй нь мэдлэгийн шалгалтын тeстээр нэгт орж илт өндөр авсан хэдэн хүнийг бүр дарах гээд ядчихсан юм шиг оноонууд өгсөн нь тэнэг л харагдаж байсан. С.Наранцогт өөрөө энэ албан тушаал дээр сонгон шалгаруулалтгүй томилогдсон хүн удахгүй унах байлгүй дээ.
  • Ариунаа гэдэг хүн 61 оноо хамгийн өндөр аваад улс даяар яригдсан. Гэтэл өмнөх ажлаасаа ажлын байрны бэлгийн хүчирхийллийн асуудлаар халагдсан байсан Бажуна гэгчийг Д.Амарбаясгалангийн шахаасаар илт дээш татаж оруулсан. Бажуна МАН-н сонгуульд явж байсан залуу. Долоон ахлах мeнeжэрийн хоёрыг нь л шударгаар авах шиг болсон. Гурвыг нь бол илт луйвардсан. С.Наранцогтын өгсөн оноог ил болгоход л илт мэдэгдэнэ. Ил болгох ч хэрэгтэй гэх мэтээр сонгон шалгаруулалт хэрхэн явагдсан, С.Наранцогт яаж оролцсон тухай иргэд сошиал орчинд баримтуудыг дэлгэсээр байгаа юм.

Сонгон шалгаруулатын бодит дүрх ерөөсөө л энэ юм. Д.Амарбаясгалан байн байн олны өмнө гарч ирээд төрийн өмчит компаниудын ажилтнуудыг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар шударгаар явуулж, мэдлэг боловсролтой монгол залуусыг ажиллуулна гэж мэдэгдэж байсан ч “хаанаасаа хаалгач нь” гэгчийн үлгэрээр захирал С.Наранцогт Засгийн газрынхаа эсрэг ийнхүү ажиллаж, шахааны хүмүүсээ ажилд авсан байх магадлалтай болж байгаа юм.

Засгийн газраас авлига албан тушаалын хэргийг бууруулах том зорилгын хүрээнд 5Ш ажиллагааг эхлүүлээд буй. Үүний нэг нь “Шүүр” буюу төрийн албаны хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагч, ургийн томилгоо, ял шийтгэлтэй хэрнээ төрд шургалсан томилгоо зэргийг төр өөрөө шүүрдэж цэвэрлэхээр эхлүүлсэн. Гэтэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт Засгийн газрын “Шүүр” ажиллагааны эсрэг маш ноцтой нэгэн томилгоо хийжээ. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав гэж нөхөр бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хороо Г.Дугаржавыг АТГ-д шалгуулахаар өгч байлаа. “Шүүр” ажиллагааны хүрээнд Ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийгдсэн асуудал Засгийн газарт өндрөө авч, Г.Дугаржавыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөхөөр болсон байдаг. Харъяаллаараа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт Г.Дугаржавыг гүйцэтгэх захирлаас нь чөлөөлөх шийдвэрийг 2023 оны 04 дүгээр сарын 17-нд гаргасан байгаа юм. Гэтэл С.Наранцогт тэр тогтоолоороо дахин Г.Дугаржавыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буцаагаад томилчихжээ. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр Засгийн газраас хэрэгжүүлж буй авлига албан тушаал, ашиг сонирхлын зөрчлүүдийг төрөөс цэвэрлэх ажиллагааг ийм байдлаар л хэрэгжүүлж иржээ.

Ковидоос үүдэлтэй улс орны эдийн засгийн хүнд нөхцөл байдалд төрийн бүхий л байгууллагууд хэмнэлтийн горимд шилжсэн. Төрийн хэмнэлтийн горим харин “Эрдэнэс Монгол” ХХК-д үйлчилдэггүй. “Эрдэнэс Монгол” ХХК оффисын түрээсийн төлбөртөө жил бүр 1.2 тэрбум төгрөгийг төлдөг. Энэ зардал бол компанийн хамгийн өндөр зардалд тооцогддог. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг улс орны төсөв мөнгө хариуцсан чухал аппаратанд ажиллаж яваад ирсэн хүн төрийн хэмнэлтийн журмыг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх учиртай. Төсвийн мөнгө ёолдоггүй гэдэг шиг С.Наранцогт тэрбум тэрбумаар төсвийн мөнгийг түрээсийн мөнгөнд урсгаж сууна.

Ерөөс төрийн өмчит компани маш хэмнэлттэй байх учиртай. Аливаа худалдан авалт, үйлчилгээг хуулийн дагуу тендерээр, аж ахуйн нэгжүүдтэй л харилцах хуультай. Гэтэл С.Наранцогтын гарын үсэг, тушаалаар “Эрдэнэс Монгол” ХХК хуулийн фирмтэй хамтарч ажилладгаас гадна давхар хувь хуульчтай сая саяар гэрээ байгуулж, мөнгө төлдөг ажээ. Тус компанийн шилэн дансанд тэмдэглэснээр С.Батсүрэн гэх хуульчтай сар бүр 8.5 сая төгрөгөөр гэрээ байгуулсан байх юм. С.Батсүрэн чухам ямар хуулийн үйлчилгээг үзүүлдэг болоод тус компаниас сар бүр 8.5 сая төгрөг авдаг нь тун бүрхэг аж.

С.Наранцогтыг цээжээрээ хамгаалдаг хүн бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан. Тэрээр байсхийгээд л С.Наранцогтын өмнөөс “Эрдэнэс Монгол”-ын ажлыг ярьж, зөв сайхан болгож байгаа гэж ард түмний тархийг угаадаг. Хөшигний ард ч Д.Амарбаясгалан С.Наранцогтод ихээхэн элэгтэй гэгддэг юм билээ.

Д.Амарбаясгалан даргаар бамбай хийсэн ийм нэгэн албатаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарах цаг болжээ.

Эх сурвалж: zorig.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)