Оросын цөмийн зэвсгийг Беларусьт байрлуулах тухай баримт бичигт гарын үсэг зурав

Admin | 1 Жилийн өмнө


ОХУ болон Беларусь улсын Батлан хамгаалахын сайд нар Минск хотод Оросын стратегийн бус цөмийн зэвсгийг Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан байна. Беларусийн төрийн мэдлийн “БелТА” агентлагийн уламжилснаар, Виктор Хренин болон Сергей Шойгу нар “Цэрэг-улс төрийн нөхцөл байдал болон хоёр орны Батлан хамгаалах яам хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлыг” ч мөн ярилцжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Беларусийг Оросын “үнэнч холбоотон, найдвартай хамтрагч” хэмээн онцолсон байна. Мөн тэрбээр хоёр улс хамтарч, өөрсдийнх нь эсрэг “зарлаагүй дайн явуулж буй өрнөдийг сөрөн зогсох болно гэж мэдэгджээ. С.Шойгугийн мэдэгдсэнээр, Беларусьт цөмийн зэвсэг өгөх яриа биш бөгөөд хэрэв ашиглах шаардлага гарвал шийдвэрийг Москва гаргана гэнэ.  

Беларусь улсын нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсэг байрлуулна гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны гуравдугаар сард мэдэгдэж байв. Түүний хэлснээр, зургадугаар сарын 1 гэхэд цөмийн зэвсэг байршуулах агуулахын барилгын ажил дуусах ёстой. АНУ болон НАТО-гийн гишүүн орнууд Орос-Беларусийн эрх баригчдын шийдвэрийг буруутгаасан аж.

Тактикийн цөмийн зэвсгийг нарийн заасан тодорхойлолт байдаггүй. Мэргэжилтнүүдийн таамгаар, бага хүчин чадалтай, ойрын зайн тусгалтай пуужинг тактикийн цөмийн зэвсэг гэж нэрлэнэ. Тухайлбал, Оросын “Искандер” пуужин эргэн тойрны 500 км хүртэлх радиуст нөлөөлж чаддаг. Өөрөөр хэлбэл, Беларусьт байрлуулсан пуужингууд Польшийн газар нутгийн бүхэлд нь аюул занал учруулж чадна. Мөн бусад хөрш орнуудад ч тодорхой хэмжээгээр нөлөөлнө.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)