Илон Маскийн “Neuralink” хүний тархинд чип суулгах туршилтаа эхлүүлнэ

Admin | 2023-05-29


Америкийн тэрбумтан, “Тесла”, “SpaceX” компанийн эзэн Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хүнс, эмийн чанарыг хянах агентлагаас (FDA)  хүний тархинд чип суулгах туршилт явуулах зөвшөөрөл авлаа. “Neuralink” компани өмнө нь хүн дээр туршилт хийх зөвшөөрөл хүсэж байсан ч тус агентлаг аюулгүй байдлын үүднээс татгалзсан хариу өгч байсан.

Одоогоос гурван жилийн өмнө Илон Маск сармагчны тархинд чип суулгасан туршилтаараа олны нүдийг орой дээр нь гаргаж байсан бол өнөөдөр түүний “Neuralink” компани туршилтаа ахиулан хүн дээр хийж эхлэх нь. Тэднээс гадна 2021 онд “Blackrock Neurotech” чип суулгах туршилтыг хүн дээр хийх эрхээ авч байсан юм. “Blackrock Neurotech”-ийн хувьд ихэвчлэн эрүүл мэндийн салбарт технологийн хөгжүүлэлт, туршилт хийдэг бол “Neuralink” эрүүл мэндийн салбараас гадна хүний өдөр тутмын гүйцэтгэлийг сайжруулах томоохон амбицтай. Бараг л супер хүн бүтээх зорилготой гэхэд болно.

Илон Маск 2016 онд “Neuralink”-н үйл ажиллагааг эхлүүлж “Brain Computer Interference” (BCI) төслийг хэрэгжүүлж эхэлсэн. BCI-н талаар товч тайлбарлавал, энэ нь тархинаас ирж буй дохиог компьютерын команд болгон хөрвүүлэх технологи юм. Тэдний хамгийн алдартай туршилт бол сармагчин BCI-н тусламжтайгаар компьютерын курсор хөдөлгөж теннис тоглож буй туршилт байв. Энэ нь саажилттай хүмүүс Neuralink-н технологийг ашиглан хиймэл эрхтнээ оюун ухаанаараа удирдаж болно гэдгийг баталсан.

BCI технологийн зах зээлийн хэмжээ 2021 онд 2.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бол 2030 он гэхэд 9.3 тэрбумд хүрэх төлөвтэй. Түүнчлэн тус технологийг дан ганц эрүүл мэндийн салбарт бус онлайн тоглоом, аюулгүй байдал гээд олон чиглэлд хөгжүүлж буй. “Neurolink” амьтан дээрх туршилтаа дараагийн түвшинд гаргахад ердөө долоохон жилийг зарцууллаа. Энэ хурдаар бол бид хэдхэн жилийн дараа тархиндаа чиптэй супер хүмүүсийн дунд амьдрах нь.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)