Хулгайд алдагдсан скүүтерийн ихэнх нь гэр хорооллоос олджээ

Admin | 2023-05-30


Нийслэлийн тодорхой цэгүүдэд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн түрээсийн скүүтер байршуулж, туршилтын журмаар үйл ажиллагаа эрхэлж буй. Гэтэл түрээсийн үйлчилгээ эхэлсэн цагаас зарим хүмүүсийн ёс бус үйлдэл цахим орчны халуун сэдэв болоод байна. Тухайлбал, түрээсэлсэн скүүтерээ буцааж өгөлгүй гэр лүүгээ авч явах, GPS-ийг нь салгах гэж оролдох зэрэг тохиолдлууд гараад байгаа юм. 

Скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхэлж буй “Jet sharing Mongolia” ХХК-ийн мэдээлснээр “Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилгоор "Ninebot" брэндийн 3000 скүүтер худалдан авч, эхний ээлжид 700-г нь туршилтаар явуулахаар шийдсэн. Гэвч сүүлийн 24 цагийн дотор 10 гаруй скүүтер хулгайд алдагдлаа. Скүүтерээс GPS-ийг нь салгаж эвдэлсэн тохиолдолд дахин өөр юунд ч ашиглах, хувьдаа унах боломжгүй зөвхөн манай аппликэйшнээр ажилладаг бөгөөд жижиг тоноглолууд нь тусгай зориулалтаар программчлагдсан байгаа. Энэхүү скүүтер нь "Ninebot" брэндийнх бөгөөд нэг скүүтер тээвэртэйгээ нийлээд 1000 ам.доллар болж байгаа”.

 “Цэнэглэх хэд хэдэн станцтай. Тухайлбал, Зайсан, Алтай хотхон орчимд, Сүхбаатарын талбайн хажууд бий. Хэрэглэгчид хотын төвөөр чөлөөтэй унаж болно. Манай тээврийн баг шөнийн 00:00 цагаас ажилдаа гарч, скүүтерийг GPS-ээр нь тогтоогоод олдог. Мэдээж нэг нэгээр нь цуглуулахад шөнөжин ажил болно. Түрээсийн скүүтерийг хулгайлж машиндаа хийх, хашаандаа оруулж тавих зэрэг үйлдэл гарч байна. Хулгайд алдагдсан скүүтерийн ихэнх нь гэр хорооллоос олдсон. Бид тусгай байршил тогтоогч GPS-ийн тусламжтайгаар олж, цагдаагийн байгууллагад хандах, хариуцлага тооцох арга хэмжээ авч байгаа. Одоогийн залуус бол маш боловсон, нийтэч, ухаалаг болсон. Бидэнд зарим залуус маань хулгайн үйлдлийг утсаар болон цахимаар мэдээлж байна. Энэ үйлдэлд нь бид маш их баярлаж байгаа” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)