“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны ялагчдыг Азийн наадам үзэх эрхээр урамшуулна

Admin | 2022-01-10


МҮОХ Монголын үндэсний олимпын академитай хамтран улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуулийн дунд зарласан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тус хэвлэлийн хуралд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпын академийн дэд ерөнхийлөгч Б.Буяндэлгэр, Нийслэлийн боловсролын газрын Биеийн тамирын боловсрол, удирдлагын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн А.Гантулга, МҮОХ-ны Олимпын боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж нар оролцов.

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2022 оны тавдугаар сарыг 1-ний хооронд үргэлжилнэ. Энэ удаагийн болзолт уралдааныг БШУЯ, БТСУХ-ноос дэмжин ажиллаж буйгаараа онцлог юм.

Уралдааны хүрээнд манай орны ерөнхий боловсролын сургуулиудын олимпын танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх, бие бялдрын хүмүүжлийн ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, биеийн тамирын багш нарын ажлын хариуцлага, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажлууд зохиогдох юм.

Энэ хүрээнд дараах зорилтуудыг шийдвэрлэхээр төлөвлөөд байна:

-Аймаг, дүүргийн олимпын зөвлөлүүд болон Биеийн тамир, спортын газруудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, үр дүнг дээшлүүлэх;

-Өсвөр үеийнхэнд олимпын боловсрол олгох ажлын агуулга, хэлбэр, үр дүн, ач холбогдлыг сайжруулах;

-Ерөнхий боловсролын сургуулиуд дахь олимпын танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх;

-Биеийн тамирын хичээлийн агуулгыг баяжуулах, явуулах хэлбэрийг өргөжүүлэх;

-Биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилгыг дэмжих, хөдөлмөрийн үр дүнг үнэлэх асуудал тус тус орно.

Болзолт уралдааны ялагчдыг “Ханжоу-2022” Азийн наадам үзэх эрхээр урамшуулахаар төлөвлөснийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар хэлэв.

Өмнөх болзолт уралдаанд 21 аймаг, найман дүүргийн 350 гаруй ерөнхий боловсролын сургууль хамрагдаж, үүний хүрээнд спорт, олимпизмыг сурталчлан таниулсан мянга гаруй арга хэмжээ зохиогдож, 300 мянга гаруй хүн хамрагдаж байв.

 Эх сурвалж: МҮОХ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)