Төсвийн зардлыг 1.8 их наядаар нэмэх үү?

Admin | 2023-06-06


Монгол Улсын Засгийн газар улсын төсвийн зардлыг 1.8 их наяд төгрөгөөр нэмэхээр боллоо. Энэ нь ойролцоогоор 627 цэцэрлэг барих хэмжээний их мөнгө. 2023 онд 20.5 их наяд төгрөгийн зардалтай түүхэн том төсөв баталсан. Одоо үүнийгээ улам томсгохоор болж байна. Учир нь I улиралд экспорт сэргэснээс үүдэн эдийн засаг 7.9 хувь өсөж, 1 хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрсэн билээ. Улмаар улсын төсвийн орлого ч мөн 30 жилийн дараа түүхэд анх удаа давж биелэв. Тиймээс л төсвийн зардлыг 8.8 хувь нэмэгдүүлж байгаа хэрэг.

1.8 их наяд төгрөгийг юунд зориулах вэ гэвэл, нийт нэмэгдсэн зардлын 21.9 хувийг тэтгэврийн зөрүүг арилгах, нийтээр нь 10 хувь нэмэхэд зарцуулах аж. Түүнчлэн, зорилтод халамжийг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөгийг тусгажээ. Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлж, цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг болгоход 986.6 тэрбумыг зарцуулна.

Төсөв мөнгө хэцүүдлээ гээд хэсэг хүүхдүүдийн хүүхдийн мөнгийг хассан нь саяхан. Харин одоо хүсэлт гаргасан бүх хүүхдэд мөнгө олгоод зогсохгүй өнгөрсөн зургаан сарын мөнгийг нь нөхөж олгохоор болжээ. Үүнд 167.7 тэрбум төгрөг зарцуулах нь. Мөн Улаанбаатарын түгжрэлийн санхүүжилтийг 187 тэрбум төгрөгөөр нэмнэ.

Энэ онд анх удаа төсвийн орлого давж биелсэн гээд бүх тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр болж байна. Төсвийн тодотголоор зардал нэмэгдсэн тул алдагдалгүй ажиллахын тулд орлого нэмэгдэх ёстой. Тиймээс энэ жил 36 сая тн нүүрс экспортолно гэж тооцсоныг 50 сая тн болгож нэмэгдүүлэхээр тусгаж байгаа. Гэтэл нөгөө талд нүүрсний эрэлт буурч үнэ нь он гарсаар 60 хувь унаад буй. Тэгэхээр төсвийн орлого төлөвлөгөөнд хүрэхгүй, алдагдал хүлээх эрсдэлтэй аж. Түүнчлэн Засгийн газар энэ онд инфляцыг нэг оронтой тоо руу оруулах зорилготой ч цалин тэтгэврийг нэмж байгаа нь гал дээр тос болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)