Гадаадад Монголын нэрийг шившиглэж буй "өгзөг" дарга нарыг яах вэ?

Admin | 2023-06-06


БНСУ-ын KBS телевиз өчигдөр /2023.06.05/ Монголын нэр бүхий төрийн албан хаагч Чежү аралд ажлын айлчлал хийж байх үедээ бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжигтнээр татагдсан болохыг мэдээлсэн. Тодруулбал, БНСУ-ын Чэжү аралд хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээнд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат орчуулагч хийж байсан 20 настай Монгол охиныг хүчирхийлэхийг завдсан хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагдсан талаар Солонгосын KBS телевиз уламжилжээ.

Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон албаныхныг тус арлын удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авч уулзсан байна. Тэд үйл ажиллагаа дуусаад буудалд амрахдаа архидан согтуурч улмаар орлогч дарга орчуулагчаар ажиллаж байсан монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа аж.

БНСУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хэргийн талаар мэдээлэхдээ “Тухайн үед хохирогч өрөөнөөсөө гарч буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд тэр даруй цагдаа дуудсан. Сэжигтэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Чежү арлын чуулганд айлчилсан Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Засаг даргын төлөөлөгчдийг мөн дагалдан явсан хүн юм. Тэрбээр үйлдвэрлэл, соёлын солилцоог өргөжүүлэхэд манлайлан оролцож байсан хүн“ гэжээ.

Манай улсын хурган дарга гадаадад хэрэг төвөгт орооцолддог болоод удаж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр онгоцны үйлчлэгийн биед хүрсэн хэмээн шуугиулсан. Индонез улс руу хуралд очихоор ниссэн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын “Кореан айр” компанийн онгоцонд үйлчлэгч бүсгүйн биед халдсан явдал гарав. Инчоны олон улсын нисэх буудал дээрээс Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргыг саатуулж байгаа мэдээлэл олон улсын хэвлэлийн гол мэдээ болон цацагдаж, Монгол Улс хийгээд монголчуудынхаа нэр хүндийг согтуу дарга шороотой хутгав. Улмаар Солонгос улсад эргэн очиж мэдүүлэг өгч, хилийн хорионд орж, эцэстээ торгууль төлснөөр эх орондоо эргэж ирсэн билээ. Түүнчлэн манай хурган дарга нар гадаадад хулгайн хэрэгт сэжиглэгдэж саатуулагдсан гэсэн мэдээ ч олон удаа гарч байв. Энэ мэт Монголын нэр нүүрийг түлсэн хурган дарга нарын бусармаг явдал үргэлжилсээр. Хурган дарга нар Монголын нэрийг гадаадад гутаасаар, харин тэдэнд ямар ч хариуцлага хүлээлгэхгүй, толгойг нь илсээр байх уу. Гадаадад Монголын нэр хүндийг гутааж, хэрэг түвэгт орооцолдсон албан хаагч, түшээдэд хатуу хариуцлага тооцож, төрийн албанд ажиллах эрхийг бүрмөсөн хасмаар байна.      

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)