Монгол Улс Орос, Хятад хоёр гүрний дунд геополитикийн өвөрмөц байршилд оршин тогтнож ирсэн. Манай улсын гадаад бодлого нэн түрүүнд хөрш орнуудтай нягт холбоотой. Мөнхийн хоёр хөрштэй орны хувьд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт хэмээн Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон. Түүнчлэн, Орос, Хятадтай тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах бодлогыг тусгасан.
Далайд гарцгүй тул бусад улстай худалдаа хийхэд хүндрэлтэй, тээвэр логистик өндөр өртөгтэй, цөөн хүн амтай учраас дотоодын зах зээлийн хэмжээ хязгаарлагдмал, эдийн засаг нь дэлхийн уул уурхайн зах зээлээс ихээхэн хамааралтай зэрэг сорилттой нүүр тулгардаг Монгол Улс нь хөрш орнуудтайгаа хамтын ажиллагааг өргөжүүлснээр ихээхэн ашиг хүртэх боломж бий. Монгол, Орос, Хятад гурван улс харилцан бие биенээ нөхдөг эдийн засагтай, Хятадын аж үйлдвэрийн салбар, Монголын эрдэс баялаг, Оросын эрчим хүчний нөөц зэрэг нь худалдаа, хөрөнгө оруулалтын суурь юм.
Монгол Улсад 2021 онд явуулсан Аж ахуй нэгжийн тооллогын дүнгээр гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдийн талаас илүү нь хөрш орнуудын хөрөнгө оруулалтай ААН-үүд буюу 48.9% (2.5 мянга) нь БНХАУ, 5.6% (293) нь ОХУ-ын хөрөнгө оруулалттай ААН байна. Мөн 2022 оны нийт худалдааны 76.7%-ийг Хятад, Орос улстай хийснээс үзэхэд манай улсын гадаад худалдааны бүтэц хөрш зэргэлдээ орнуудаас ихээхэн хамааралтай нь юм.
Гурван улс Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” бодлогоо хооронд нь уялдуулан холбож, эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцсоны дагуу “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо болсон талуудын Tөрийн тэргүүн нарын гуравдугаар уулзалтын үеэр баталгаажуулсан. Гурван улсын хооронд худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн тус хөтөлбөрийг байгуулснаас хойш долоон жил өнгөрч байна.
Хөтөлбөрийн хүрээнд гурван тал - Зам, тээврийн салбарын төсөл – 13
- Аж үйлдвэрийн салбарын төсөл – 2
- Хил, гааль, хорио цээрийн чиглэлийн төсөл – 5
- Эрчим хүчний салбарын төсөл – 1
- Байгаль орчны салбарын төсөл – 3
- Шинжлэх ухаан, технологи, боловсролын салбар төсөл – 3
- Хүмүүнлэгийн чиглэлийн төсөл – 3
- Хөдөө аж ахуйн салбарын төсөл – 1
- Эрүүл мэндийн салбарын төсөл – 1 нийт 32 төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Гурван улсын төрийн тэргүүн нар 2022 оны 9 дүгээр сард дахин уулзалт хийж, Эдийн засгийн коридор ын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал нэгдэж, 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлснийг энд мөн тэмдэглэе.
Европын Холбооны Монголын Худалдааг дэмжих төсөл (TRAM)- ийн дэмжлэгээр Хятад судлалын хөгжлийн хүрээлэн 2020 онд боловсруулсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын судалгаа”: Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах боломж тайланг нийтэлжээ. Тус тайланд дурдсанаар, Эдийн засгийн коридор ын хөтөлбөрт туссан 32 төслөөс 18 нь хэрэгжсэн буюу хэрэгжиж байгаа, 14 төсөл нь хэрэгжээгүй буюу хоцрогдолтой. Ерөнхийдөө төслийн хэрэгжилт 56.25 хувьтай байна.
“Хэрэгжиж буй төслүүдээс харахад санхүүжилт гол төлөв Хятадын зээл, тусламж, олон улсын санхүүгийн байгууллага, улсын төсөв гэсэн загвартай байгаа тул илүү олон төрөлжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн загварыг сайтар ашиглах шаардлагатай. Эс бөгөөс Монголын ААН-үүдийн шууд оролцоо, хүртэх ашиг хангалтгүй хэвээр байна” хэмээн тайланд тэмдэглэсэн байна.
Мөн тус судалгаанд Монгол, Орос, Хятадын хамтын ажиллагааны 10 гаруй механизм бий болсны нэг нь ААН-үүдийн хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн танилцуулга, гэрээ хэлэлцээр байгуулах бизнес платформ болох эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт юм. Гурван улсын ХАҮТ-ууд нь Худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулганыг жил бүр зохион байгуулж ирсэн хэдхэн хоногийн дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эдийн засгийн бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” агуулга дор тус чуулганыг зохион байгуулах гэж буй. Тус чуулганаар Эдийн засгийн коридор, хөдөө аж ахуйн экспорт, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр логистик, чөлөөт бүс болон хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэхээс гадна хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдээ талууд танилцуулж, салбар бүрийн В2В уулзалтуудыг хийнэ.
Эдийн засгаа өсгөх бодлогыг хэрэгжүүлэхэд Эдийн засгийн коридорын хөтөлбөр чухал нөлөө үзүүлнэ. Тухайлбал, эдийн засаг тэлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх, тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнөснөөр тээвэрлэлтийн чадамжийг сайжруулах, ААН-үүд бүтээн байгуулалтад оролцож ашиг хүртэх зэрэг эерэг нөлөөтэй. Тиймээс энэ удаагийн гурван улсын худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулганаар бизнес эрхлэгчид нэгдсэн ойлголтод хүрэх, холбоо тогтоох, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх зэргээр хувийн хэвшил хүчин чармайлт гаргах нь Эдийн засгийн коридорын хөтөлбөрийг урагшлуулахад өндөр ач холбогдолтой юм.
М.ДЭЛГЭРЖАРГАЛ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Сүхбаатар дүүрэг шуурхай штаб байгуулан ажиллаж байна
tentsver.mn | 1 цагийн өмнө
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13