Месси Америкт тоглох уу...

Admin | 2023-06-12


Дэлхийн хөлбөмбөгийн супер оддын нэг, Аргентиний шигшээ баг, Францын “Пари Сен Жермен” клубийн тоглогч Лионель Месси Америкийн MLS (Major League Soccer)-ийн "Интер Майами" багт энэ зунаас тоглохоор болсон тухай мэдээлэл спортын ертөнцийн “хадаас мэдээ” болж байна.  АНУ-д “Хөлбөмбөгийн хаан” Пелегээс эхлээд үе үеийн олон шилдгүүд тоглож байсан билээ. Ф.Беккенбауэр, Л.Маттеус, К.Вальдеррама, С.Жеррард, Ф.Лэмпард, Х.Стойчков, Д.Бекхэм, Кака, Д.Дрогба, З.Ибрагимович, А.Пирло, Т.Анри, В.Швайнштайгер, У.Руни, Г.Бэйл гээд дурдаад байвал дуусахгүй.  Гэхдээ Пеле шиг, Бекхэм шиг дуулиан, шуугиан дагуулан Нэгдсэн Улсад ирж байсан нь ховор. Харин дэлхийн аварга болоод хагас жил л болж буй Мессигийн “нүүдэл” дээр дурдсан Пеле, Бекхэм хоёроос ч илүү дэлхийг “дэлдийлгэх” шинжтэй болоод явчихлаа.

Энэ улирал дуусаад Мессигийн “ПСЖ”-тэй хийсэн гэрээ дуусах бөгөөд гэрээгээ сунгахгүй гэдгийг мэдсэн олон баг Мессид гэрээний санал хүргүүлсэн. Харин Месси өөрөө Европт үлдэхээр бол зөвхөн төрөлх “Барселона”-д тоглох хүсэлтэй, харин бусад багийн ямар ч саналыг сонирхохгүй гэсэн ойлголт өгсөн. Тиймээс ч Мессиг “Барса” авах боломж хамгийн их байлаа. Гэвч “Барса” түүнд тодорхой санал тавилгүй өнөөдрийг хүрсэн нь Мессид нэгийг бодогдуулж, нөгөөг сануулав бололтой.

Түүнд мөн Саудын Арабаас жилийн 500 сая евро, хоёр жилийн нэг тэрбум (!!!) еврогийн санал тавьсан. Гэвч Месси хэд хэдэн шалтгааны улмаас уг саналыг хойшлуулав. Нэгд Саудын Араб нь 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд асар их мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Месси бол тэдний хэтийн төлөвлөгөөний нэг хэсэг болох учиртай байв. Харин Саудын Арабтай ДАШТ-ий эрхийн төлөө Аргентин өрсөлдөж буй тул Мессид Арабыг зорих зүрх сэтгэл нь хүрээгүй нь тодорхой. Мөн түүний гэр бүлийнхэн ч дургүй байгаа нь нөлөөлсөн байх. Ингээд  Шинэ тивийг зорихоор шийдэв бололтой.

Түүний тоглох “Интер Майами” баг Флорида мужийн Майами хотноо байрлах бөгөөд тус багийн эздийн нэг нь цуут Дэвид Бекхэм. Тиймээс ч Мессид “Интернасьонал Майами” багийнхаа хувьцаанаас тодорхой хувийг эзэмшүүлэх тухай гэрээнд багтсан хэмээн хэвлэлүүд мэдээлж буй. Мөн Мессигийн шилжилтэд зөвхөн клуб бус MLS мөн “хөдөлж” байгаа бөгөөд хамтран ажилладаг “Adidas”, “Apple TV” гээд хоёр том “акул”-ын орлогоос Мессид хувь хүртээх талаар тохирсон ажээ. Мөн зарим нэг сурвалжууд Месси гурван жилийн гэрээ байгуулах бөгөөд улирал болгоны дараа багийг орхих (нөхөн төлбөргүйгээр!!!) онцгой эрх эдлэх бололтой.

Мессигийн олон сая фэнүүд, хөлбөмбөгийн хорхойтнууд, олон улсын хэвлэл мэдээллийнхэн Америкийн MLS лиг рүү хүссэн хүсээгүй анхаарлаа хандуулах цаг ирж буй бололтой.

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)