М.ЛХАГВАЧУЛУУН: Барааг буцааж гаргах нөхцөлтэйгөөр нэг жилийн хугацаагаар түр оруулах боломжтой

Admin | 2023-06-14


Барааг улсын хилээр түр оруулах, буцааж гаргах харилцааны талаар Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газрын ГУБ М.Лхагвачулуунаас тодрууллаа.

-Барааг хилээр түр хугацаанд оруулаад буцааж гаргах ойлголтын талаар мэдээлэл өгөөч. Энэ тохиолдолд гаалийн болон бусад татвар төлдөг үү?

-Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулж болно.  Дээрх бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулан, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулдаг.  

Энэ тохиолдолд  тухайн бараанд гаалийн бүрдүүлэлтийн “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах” 500 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж,  гаалийн байгууллагаас ногдуулсан  гаалийн болон бусад татварыг төрийн сангийн тусгай дансанд байршуулна.

Харин хилээр буцаан гаргахдаа гаалийн бүрдүүлэлтийн “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах” 300  горимоор бүрдүүлэлтийг хийлгэж түр дансанд байршуулсан  импортын гаалийн болон бусад татварыг буцаан авах боломжтой.

Гэхдээ гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдлоос бусад өөрчлөлт оруулсан тохиолдолд түр дансанд байршуулсан  импортын гаалийн болон бусад татварыг буцаах боломжгүй байдаг. 

-Энэ түр хугацаагаар оруулаад буцааж гаргах бараанд татвар төлөхгүй байх боломж байдаг уу?

-Монгол Улс барааг түр хугацаагаар оруулах тухай Станбулын конвенцод нэгдэн орсон. Иймд үзэсгэлэн яармаг худалдаа, уулзалт түүнтэй ижил төстэй арга хэмжээ болон мэргэжлийн тоног төхөөрөмж, боловсрол соёл шинжлэх ухааны зориулалттай барааг гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр түр хугацаагаар оруулаад буцааж гаргах тохиолдолд МҮХАҮТ-д хандаж АТА карней авч болдог.

Харин хадгалалтын тусгай нөхцөл шаарддаг түргэн гэмтэж муудах бараа, худалдаж борлуулах бараа, олон нийтэд тараах сурталчилгааны материал зэрэгт АТА карней олгодоггүй.

-Барааг түр оруулаад буцааж гаргах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж АТА карней авах хүсэлтээ ямар байгууллагад гаргах вэ?

-АТА карнейг конвенцын гишүүн 70 гаруй улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас тухайн барааг буцааж нэвтрүүлэх  нөхцөлтэйгөөр  нэг жилийн хугацаагаар олгодог. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 145 дугаар тогтоолоор АТА карнейг олгох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг хүлээх, баталгаа гаргах  үүргийг Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд олгосон. Иймд АТА карней авах хүсэлтээ МХАҮТ-д гаргаж болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)