Сүүлийн өдрүүдэд нүүрсний экспорт зогсонги байдалд орсон тухай сошиал орчинд хүмүүс мэдээлж байсан. Уг мэдээллийг албаны хүмүүс үгүйсгэжээ. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үгүйсгэж, “2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр гэхэд Гашуунсухайт боомтоор 962 машинаар 118476.8 тонн, Шивээхүрэн боомтоор 300 машинаар 40036.6 тонн, Ханги боомтоор 217 машинаар 15841 тонн, Булган боомтоор 150 машинаар 10957.8 тонн, Бичигт боомтоор 224 машинаар 16117 тонн, Хавирга боомтоор 14 машинаар 1609.1 тонн нүүрс тус тус экспортолсон байна. Энэ нь нийт 1867 машинаар 203038.3 тн нүүрс экспортолсон гэсэн үг” гэв.
Түүнчлэн “Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт зогсож, өдөрт 40-50 автомашин хилээр гарч байна гэдэг мэдээлэл бий. Үүн дээр тайлбар өгнө үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин нэмэгдсэн. Экспортод ямар нэгэн байдлаар эрсдэл учирсан зүйл байхгүй. Өдөрт 1000 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэж байна. Харин 2022 оны 11, 12 дугаар сард хилээр өдөрт гаргадаг байсан нүүрсний биет хэмжээ 160.000 тонн байсан” хэмээжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс ч 2023 он гарснаас хойших хугацаанд хийсэн нүүрсний борлуулалтын хэмжээ болон орлогын тухай мэдээлэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны зургадугаар сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Өнгөрсөн онд бүтэн жилийн гүйцэтгэлээр 11.4 сая.тн нүүрс борлуулж байсан бол энэ оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр гүйцэтгэл боллоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр арилжаалах ажлыг амжилттай зохион байгуулж байна. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний ил тод, нээлттэй цахим арилжааг энэ оны хоёрдугаар сарын 9-нд анх удаа зохион байгуулж, түүнээс хойш нийт 20 удаагийн арилжаагаар 1.216 мян.тн нүүрсийг 140.9 сая ам.доллароор борлуулж, орлогыг 40 орчим сая ам.доллароор нэмэгдүүлжээ.
Манай улсын төсвийн орлогыг бүрдүүлж буй экспортын гол түүхий эд бол нүүрс. УИХ-аар 2023 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа. Долдугаар сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр болсон. Төсөв нэмэхэд шаардлагатай орлогын эх үүсвэрийн ихэнх хэсгийг нүүрсний экспортоос олно гэж Засгийн газар найдаж буй. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Хэрэглээний импорт нэмэгдэж, төв банкны валютын нөөц дээр сөрөг дарамт ирнэ. Үүнийг сарниулахын тулд экспортоо нэмэгдүүлэх ёстой. Энэ удаагийн тодотголоор 50 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Ийм боломж бий. Урд хөрш улсын маань зах зээл хангалттай. Манайхаас, Оросоос, Австрали, Индонезоос нүүрс аваад ч цаана нь нэмэлт хэрэгцээ бий. Энэ өрсөлдөөнд хамгийн давуу талтай нь бид. Хамгийн ойр, хамгийн чанартай нүүрсийг нийлүүлэх боломжтой.
Өнгөрсөн онд хоёр удаа томоохон айлчлал хийх үедээ гадаад худалдаа, экспортын асуудлыг хэлэлцэхэд авчирч чадах хэмжээгээрээ нийлүүлбэл авахад бэлэн гэдгээ БНХАУ-ын тал илэрхийлж байсан. Тэгэхээр экспортын хэмжээ биднээс л шалтгаална. Харин биднээс шалтгаалахгүй зүйл нь үнэ. Манай гол түүхий эд, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлээс хамаарна. Өмнөх жилүүдийн дунджаар зургаадугаар сард үнэ буурах хандлага бий. 7, 8 дугаар сард үнэ сэргэж, нийлүүлэлт нь нэмэгддэг. Энэ жилийн хувьд 50 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой” хэмээж байв.
Ямартай ч албаны хүмүүсийн болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс мэдээлснээр нүүрсний экспорт хэвийн явагдаж байгаа юм байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын суд...
tentsver.mn | 8 цагийн өмнө
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар...
tentsver.mn | 10 цагийн өмнө
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13