За яг үнэндээ Булгантуяа өөрт нь итгэж найдсан олон хүнд олон үйлдлээрээ салаавч өгсөн. Сэтгүүлчийн архив ийм хэмжээний сэмэрхийг мартдаггүй юм. Х.Ганхуягийн албан бланкыг ашиглан, Өнөрболор, Анужин нарын гишүүдийн хамт Хөрөнгө оруулалтын тухай хуульд ноцтой өөрчлөлт оруулахаар санаархаж, 50 мянган доллар буюу ганц өрөө байрны мөнгөтэй ямар ч хүн Монгол Улсад байнга оршин сууж, улмаар бусад хуулийн зохицуулалтаар цаашдаа иргэн болох боломжтой зүйл заалт шургуулах гэж ил, далд маш их зүтгэсэн. Тэгэхдээ үүнийг нь нийгмээрээ эсэргүүцээд эхэлмэгц мөн л улиг болсон бохир арга хэрэглэж, "Захиалгат сэтгүүлзүй" гэсэн нэр шошгоор шуугианыг дарах гэж сурмаг оролдсон. Хамгийн инээдтэй нь Булгантуяа өөрөө захиалгат сэтгүүлзүйд гаршсан, хэвлэлийнхнийг цуглуулж мөнгө тараасан гэх яриа ч байдаг.
Сангийн дэд сайдаар дөрвөн жил ажиллахдаа Хүрэлбаатарын удирдлагад сурсан арга нь уу, эсвэл холоос шидсэн чулууг зөөж авчрах гаднын арга технологи уу, мэдэхгүй. Хүрэлбаатар юу зааснаа хариулах юм байгаа биз. Энэ хуулийн зүйл заалтаас эхлэн Булгантуяа өөрт нь итгэж хардаг олон нийтийн итгэлийг алдсан гэж хэлж болно. Тэр 50 мянган доллараа маш ихээр хамгаалсан, стартапп төсөл энэ тэр гэхчлэн элдэв янзаар тайлбарлаж, ард түмнээ мэдэхгүй, мэдээлэлгүй, хэлгүйгээр нь далимдуулан өчнөөн тайлбар хийсэн. Нөгөө хэл усгүй, жалганы жараахай шиг зарим гишүүд нь ойлгохгүйдээ бантаад овоо дэмжсэн. Бараг л мөнгө орж ирж байвал болоо юм биш үү гэж ам асуунгаа алдсан. Нөхцөл байдлыг эргүүлж, өөрийгөө од болтол сурталчилгаа явуулж чадсан. Тийм их мөнгөтэй хүн үү, мөнгөтэй бол эх үүсвэр нь хаанаас вэ? 50-100 мянган долларын хөрөнгө оруулалтын босго олон оронд хуульчлагдсан байдаг ч монголчууд хэт цөөхүүлээ, манай тусгаар тогтнол хэт эмзэг юм аа, дээр нь ганцхан урд хөршөөс мөнгөө барьсан дотор иргэд шавах хандлагатай, олон орноос бол бас өөр хэрэг. Чухам олны хүч оломгүй далай юм болохоор тусгаар тогтнолын үнэтэй дүйцэж байсан эл хуулийн өөрчлөлт унасан гэдгийг хэлмээр байна.
УИХ-д ормогцоо энэ эмэгтэйн парламентад бий болгосон бас нэг сөрөг хандлага нь үзэл санаа зөрүүтэй зарим гишүүдээ "Нэг ангийнх байж дэмжихгүй юм уу, хамгаалахгүй юм уу" гэхчлэн ахлах ангийн бүлэглэх дуртай охидын адил хоморголон өөрийгөө дэмжүүлдэг зуршил авчирсан гэлцдэг. Зарим нэгнийгээ хардаад, замыг нь тосч шүлс хаясан ч гэдэг. Уучлаарай, нэг ангийн охид хөвгүүдийг төлөвшүүлэх гэж парламент байдаггүй, тийм бол ардчилсан сонгуулиар 76 тойргоос 76 өөр үзэл бодолтой хүн сонгоод байх ч шаардлага байхгүй. Х.Булгантуяа уг нь боловсрол мэдлэгийн хувьд яах аргагүй УИХ-ын гишүүд дундаа толгой цохидог эмэгтэй. Япон, хятад, англи хэлтэй, Хятадад Технологийн их сургууль, Америкт Иелийн их сургуульд тус бүр хоёр жил сурсан, Дэлхийн банкны төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах төсөлд удирдагчаар ажиллаж байсан, Оюутолгой ХХК, Петровис компаниудад ажилласан. 2013 оноос улс төрд орж, Сангийн дэд сайдаар дөрвөн жил ажиллан туршлага суусан, төлөвшиж, олны өмнө гарах, улс төрд өөрийгөө илэрхийлэх боломжоос атгасан. Сүүлийн үед нам нь Оюун-Эрдэнэ дээр ирэх галыг хуваах гэж Булгантуяаг сонгон юм юмны урд гаргах болсон.
Шүгэл үлээгээд будилаад зогсож л байсан, саяхан сонгуулийн өгөөш байдлаар хангамж халамж, цалин нэмснийгээ бас л Булгантуяагийн нүүрээр тунхаглан зарласан. Боомтын сайдад томилоод, даруй 90 хоногийн дараа НХХ-ийн сайдаар сэлгэн тушаал гаргасан. Нам дотроо Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны даргын албыг мөн оны эхээр авсан. Одоогоор гишүүн, сайд, эмэгтэйчүүдийн дарга гээд гурван нөлөө бүхий том албан тушаалтай. Жижиг сэтэр гуншин бас цөөнгүй байдаг. Сайдын суудлаас буудаггүй, өндөр боловсролтой эмэгтэй маань саяхан "Нүүрсний хулгайг илчлэх нь үнэт зүйл, зорилго байж болохгүй" гэсэн утгатай ойлгомжгүй мэдэгдэл хийчихлээ. Сайдын амнаас унасан учраас хариуцлагатай мэдэгдэл гэж нийгэм хүлээн авч байна. Энэ бол огцроход хангалттай үг. Булгантуяагийн зүгээс Монголын ард түмэнд өгч буй хоёр дахь салаавч.
Засгийн газар, Ерөнхий сайд нь авлига хулгайтай тэмцэнэ гээд том дуугараад байдаг, танхимд нь багтдаг сайд ингээд яриад сууж байж болдог юм уу? Энэ тэгээд тэмцэл юм уу? Булгантуяагийн Монголын улс төрд авчирч буй бас нэг хар сүүдэр нь цаашдаа монголчууд ийм хэмжээний хоёр нийгэм, хоёр том гүрэн дамжин суралцсан, том төслүүдэд ажиллаж байсан туршлагатай залуу хүмүүст итгэж чадахгүй болчихож байгаа юм. Араас нь гарч ирж байгаа сэтгэл зүтгэлтэй залуусыг өөртэйгээ хамт аваад живж байна гэсэн үг. Боловсрол чухал уу, мэдээж чухал. Гэвч улс үндэстнийхээ онцлог, ард түмнийхээ сэтгэлзүйд хүндэтгэлтэй хандах сэтгэл зүрх байхгүй бол хэчнээн өндөр боловсрол ч өлмийд тээглэх өргөс, өвчүүнд санжиганах зүүлтнээс цаашгүй аж. Залуу хүн байтлаа өөрийг нь шүүмжилсэн хүн бүрийг захиалгатай гэж харна гэдэг ямар пээдгэр, хортой зан бэ. Өөр рүүгээ яагаад өнгийж чадахгүй байна вэ? Өөртөө шүүмжлэлтэй хандах чадвар хаана гээгдэв ээ? Залуу үе ийм зам элээсэн хөгшин төгцөгийн араншин болоод хандлагатай байж таарахгүй ээ.
Энэ хүнийг олон албан тушаалаар шагнасан нам нь эвдээд, элдэвлээд, өмнөө бариад золиод байна уу, эсвэл өөрөө байгаа мөн чанар нь л энэ юм уу? Энэ асуултанд өөрөө өөртөө хариулаасай билээ! Дашрамд хэлэхэд, ширэнгэний мич ч боломж нөхцөл нь байвал хэл сурдаг, харин сэтгэл зүрх, мөн чанар хүнийх байхдаа сайхан байдаг юм. Нэгт, танай ангийн ялгаварлан гадуурхуулахаас айдаг охин биш, хоёрт, та нарын ялих шалихгүй захиалгын дээгүүр бардам алхаад гардаг зэрлэг танхай, зэвүүн муухай Эмүжин үүнийг бичсэнийг анхаарна биз!
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14