Ц.ЦЭНДХҮҮ: Төрөөс барилгын ажилтны нэг өдрийн цалинг 19300 төгрөгөөр тооцон олгож буй нь барилгын ажлуудыг гацаах үндэслэл болж байна

Admin | 2023-09-13


Засгийн газрын 290 дүгээр тогтоолтой холбоотойгоор улсын төсвийн хөрөнгөөр барилга барьдаг компаниудын төлөөлөл өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Цэндхүүтэй үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

-Барилгын салбарынхан хэвлэлийн хурал хийх болсон шалтгааныхаа талаар ярихгй юу?

-Монгол Улсын Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 290 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолд Боловсролын салбарт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалттай ажлуудын үлдэгдэл ажилд магадлал хийх тухай шийд гарсан юм. Тиймээс бид нэгэнт магадлал хийж болж байгаа бол ганцхан боловсролын салбар биш бүх салбарт байгаа хуучин төсөвтөй, гүйцэтгэл удаан барилгуудад адилхан магадлал хийхийг шаардаж байгаа. Мөн магадлал хийхдээ УИХ-ын 2021 оны 88 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлж 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойшхи үлдэгдэл ажлуудад магадлал хийлгэхийг шаардаж байна.

-Яагаад вэ?

-Яагаад гэвэл УИХ-ын 2021 оны 88 дугаар тогтоол барилгын төсөвт өртөгт магадлал хийх маш сайн тогтоол гарсан боловч хэрэгжих шатандаа гажуудаад, барилгын төсөвт өртөгт биш зөвхөн материалын үнийн өсөлтөд магадлал хийсэн. Ингэснээр маш олон төсөл арга хэмжээ царцаж ашиглалтад орох боломжгүй болж гацсан. Учир нь барилгын төсөвт өртөгт цалин, материал, тээвэр, машин механизм гэсэн гол дөрвөн зардал багтдаг. Гэтэл ганцхан материалын үнийн өсөлтийг түр журам гаргаж шийдсэнээр өнөөдрийн энэ хүндрэл гарч, барилгууд баригдах боломжгүй болоод байна.

-Тодруулбал?

-Хуучин төсөвтөй буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнөх төсөвтэй барилгуудын цалингийн тариф гэхэд л аль дээр үе буюу 2009 онд төрөөс тогтоосон тарифт цалингаар бодогддог. 2009 онд туслах ажилтны нэг өдрийн цалинг тогтоохдоо 19300 төгрөгөөр тогтоож төр бидэнд олгодог. Гэтэл зах зээлийн бодит цалин өнөөдөр нэг өдрийн 100 мянган төгрөг болчихлоо. Тэгэхээр нэг туслах ажилтан ажлуулахад өдөрт 50-80 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна, бид. Улмаар 10 ажилтан ажлууллаа гэхэд нэг өдөрт 500-800 мянган төгрөгийн бодит алдагдал үүрч байгаа. Энэ бол бодит үнэн, барилгын салбарынханд тулгарч буй үнэн байдал. Ийм учраас хуучин төсөвтэй барилгуудын төсөвт өртгийг магадлаж нэг мөр шийдэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-Улсын төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэдэг компаниуд нэлээд хүнд байдалд хүрсэн талаараа ярьж байна. Гол шалтгаан нь юу вэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлыг 2020, 2021 оноос хойш гүйцэтгэж буй барилгын компаниудад маш хүнд асуудалтай тулгарсан. Учир нь 2021 онд ковидын цар тахалтай холбоотойгоор материалын үнэ огцом өссөн. Ингэснээр зураг төслийн дагуу батлагдсан төсөвт өртгөөр барилга барьдаг компаниуд хүнд байдалд орсон. Бодит жишээ хэлье. Энэ хавар 300 сая төгрөгөөр ажил хийгээд гүйцэтгэлээ бичихэд ердөө 102 сая төгрөг авахаар болж байна. Мэдээж ямар ч компани ийм хэмжээний алдагдал хүлээгээд яваад байж чадахгүй. Ажлаа зогсоож цаашид төсөвт өртөгөө магадлуулж шинэчлүүлтэл ажил хийж болохгүй юм байна, өрөнд орох юм байна гээд улсын төсвөөр хийгдэж буй ихэнх ажлууд зогсож байна. Саяын жишээ бол манай  ТББ-ын гишүүн нэг компани. Үүнтэй адил ажлаа эхэлсэн болгон өрөнд орж байгаа учир барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй байна. Гэтэл захиалагч байгууллагууд үүнийг ерөөсөө ойлгохгүй. Та нар чадна гэж авсан, ажлаа хий гэдэг муйхар шахалт дарамтаа үзүүлсээр байна.

-Заасан хугацаанаас өмнөх компаниуд эрсдлээ өөрсдөө үүрнэ гэсэн үг үү?

-Үгүй л дээ. Бид хувийн цэцэрлэг барьж байгаа бол эрсдэлээ өөрсдөө үүрнэ. Гэтэл бид төрийн захиалгаар улсад цэцэрлэг барьж өгч байна. Би өөрийнхөө компаниар жишээ авахад 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө зураг төсөл нь магадлалаар орсон гэдэг үндэслэлээр Ховд аймгийн Цэцэг сумын спорт заалны барилгыг 1.7 тэрбум төгрөгөөр барь гээд шахчихсан. Гэтэл миний бодит төсөв 2.3 тэрбум төгрөгт багтахаар байгаа. Би 600 сая төгрөг хаанаас олох юм бэ. Яг манайхтай  адилхан  мөртлөө 2021 оны нэгдүгээр сарын 3-нд зураг төсөл нь батлагдсан барилга 2.4 тэрбум төгрөг болж байна. Энэ барилга манай аймгийн Алтай суманд баригдаж байна. Би 1.7 тэрбум төгрөгөөр, нөгөө компани 2.4 төгрөгөөр барьж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөх үү. Яагаад ч зөвшөөрөхгүй шүү дээ. Миний буруу биш. Зөвхөн Барилга, хот байгуулалтын сайдын гаргасан тушаалын зөрүүтэй байдлаас үүсч буй алдагдал. Монгол Улсад хоёр адилхан барилгыг хоёр өөр мөнгөн дүнгээр барьж байгаа нь шударга ёс мөн үү, биш. Тиймээс би хөлөө хүрэх газраа хүртэл тэмцэнэ. Тэр алдагдсан зөрүү мөнгөө олж авна. Яагаад гэхээр би компаниа дампууруулж болохгүй. Манай ажилчид ажилгүй амьдралгүй, би орон гэрээсээ сална. Улсын төсвөөр барилга барьж буй 400 орчим компаниуд яг манайхтай адилхан хүнд байдалд ороод байна. Үнэхээр харамсалтай.

-Саяхан батлагдсан Засгийн газрын 290 дүгээр тогтоол барилгын компаниудыг аврах биш бүр дампууруулахад хүргэсэн гэж ярьж байна. Үүнийг тодруулахгүй юу?

-БШУЯ-ны сургууль, цэцэрлэг рүү тоочиглосон Засгийн газрын 290 дүгээр тогтоол гарлаа. Энэ бол Л.Энх-Амгалан сайдын ажлаа сайн хийсний үр дүн. Тэгвэл ганцхан боловсролын салбарт хөрөнгө оруулалтын ажлууд байдаггүй. Ийм чухал асуудал яригдаж байхад Ч.Номин, С.Чинзориг гэх мэт сайдууд юу бодож суусан бэ. Яагаад энэ асуудалд анхаараагүй вэ, яагаад ийм алагчилсан шийдвэрийг Засгийн газар танхимаараа гаргаад сууж байсан бэ гэдэг л асуудал. Өөр нэг асуудал гэвэл боловсролын салбар царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудынхаа хөрөнгийг суулгаж, эрсдлээс хамгаалж шинэ обьектуудад хүүхдүүдээ оруулах байтал, 200-400 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулж нэг удаагын арга хэмжээ авч түрээсийн байранд сургууль цэцэрлэгээ оруулж байхаар 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгуудаа магадлалаар оруулж энэ мөнгөө олгоод бариулж болох байсан. Сүүлийн хоёр жил түрээсийн төлбөр төлж үргүй зардал гаргаж байна. Зөвхөн энэ жишээг харахад л монгол төр ухаантай ажиллаж байна уу. Хэн нэгний барьсан барилгад түрээс төлөөд үргүй зардал гаргана гэдэг үнэхээр санаанд багтахгүй юм. Тэр түрээс авч байгаа барилгууд ямар сайхан юм бэ. Ингээд л ялгавартай байдал үүсгээд байна. Хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Төрийн ажил хийснийхээ төлөө банкны зээлийн өрөнд орж, сэтгэл зүйн дарамтад байгаа нь миний эрх зөрчигдөж байгаа асуудал мөн биз. Монголын нэг аж ахуйн нэгж дампуурч байгаа нь улсын төсөв бүрдүүлэхэд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөтэй биз дээ. Б.Жавхлан сайд бүх хөрөнгө оруулалтын газрууд руу, захиалагчид руу нэгхэн чиглэл өгөхөд л нэг том алхам хийх боломжтой. Юу гэхээр манай төрийн бус байгууллага араас нь явж байж төр засагтай хамтарч үнийн өсөлтөд тавигдсан 304 тэрбум төгрөгийг 2023 оны Төсвийн тухай хуулиар батлуулж чадсан. Энэ мөнгийг өгөхгүй таг царцаачихсан байна. Одоо есдүгээр сар. Арваннэгдүгээр сард хуулиараа барилгын ажил зогсоно. Бидэнд хоёрхон сарын хугацаа байна. Өнөө баталсан мөнгөө компаниудад өгөөч ээ, компаниудын нөхцөл байдал огцом дээрдэнэ. Ажлаа амжуулахын төлөө зүтгэнэ. Үнэн хэрэгтээ ядаж энийг ч хийж чадахгүй байна.

-Та бүхэн энэхүү тогтоолыг батлагдахаас өмнө мэдээлэл авсан уу, санал асуулга ч юм уу явуулсан уу?

-Харамсалтай нь үгүй. Уг нь хууль, дүрэм гаргахдаа бодит байдалтай нүүр тулж ажиллаж буй барилгын компаниудын дуу хоолойг сонсох, мэргэжлийн инженер, техникийн ажилчдын санал бодлыг сонсож байж хөрсөн дээрээ буусан шийдвэр гарах ёстой байхгүй юу. Гаргасан хууль, дүрэм нь хэрэгжилт дээрээ болохгүй байхад өөрчилж, шинэчилж болно ш дээ. Хувь хүн, компанийг хохироосон шийдвэрийн дагуу хэдэн жил явах гээд байгаа юм. Амьд жишээ бид байна ш дээ. Одоо манай барилгын компаниудын захирал, удирдлагууд эрүүл мэндийн хувьд маш муудаж байна. 34 настай барилгын компани толгойлдог залуу “Цэндхүү эгчээ амьдрах боломжгүй боллоо. Эхнэр салаад явсан” гэж байна. Энгийн сонсогдох боловч хамгийн нийтлэг тохиолдож байна. Үгүй энэ чинь монгол хүний үнэ цэн гэж байх ёстой биз дээ. Монгол хүн төрийн буруу шийдвэрээс болж хамаг орох орон, байр сав, машин тэргээ зээлийн барьцаанд алдаж байна. Бид өнгөрсөн жил их ярьсан учраас энэ удаа дурдаад өнгөрье.

-Дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломж, гарц гаргалгаа бий юу?

-Манай компаниуд цаашдаа ер нь яах вэ. НӨАТ-ын хур өр үүссэн. Эхний ээлжинд барилгаа ядаж дуусгаад хүлээлгээд өгчих юмсан, өр зээлээ нимгэлээд салах юмсан гэж боддог болсон. Гэтэл цаана нь бүхэл бүтэн салбарын асуудал хөндөгдөж байгаа байхгүй юу. Төсвийн хөрөнгөөр барилга барьсан нь өрөнд ороод байхаар цаашдаа хэн барилга барих юм. Олон жилийн туршлагатай инженер, техникийн мэргэшсэн мэргэжилтнүүдтэй компаниуд салбараас гараад явахаар ирээдүйд хэн зааж сургах юм гээд улс орны хувьд асуудал их үлдэнэ шүү дээ. Бид Б.Жавхлан сайдад хүсэлт өгч байсан . Компаниуд өртэй нь үнэн. Тиймээс тухайлбал НӨАТ-ын өрийг үе шаттай төлөх боломж олгоод өгөөч ээ гэж. Ингэхдээ энэ хугацаанд биднийг тендерт орох эрхийг олгоод өгчих. Тэгвэл бид ажлаа ч хийнэ, өр зээлээ ч нимгэлэх боломжтой байв. Хэрэв тэгсэн бол ядаж бага багаар төлж байгаад компаниуд адаглаад НӨАТ-ын өрөөс гарна ш дээ.

-Төрийн бус байгууллагын зүгээс Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлнэ гэж байсан. Энэ тухайд?

-Одоо бид орон нутаг руугаа явахгүй. Бид гурван жил хүлээж цаг алдлаа. Одоо бол үнэхээр тэсэхгүй нь. Нааштай шийдвэр гартал тэмцэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлнэ. Мөн бүх яамдуудад хандана. Барилга, хот байгуулалтын сайдын гаргах тушаалын агуулгаас хамаарч манай салбарын дуусашгүй яриа, цаашдын хувь заяа шийдэгдэх учраас бидний оролцоо, дуу хоолойгоо хүргэх чухал байна. Ц.Даваасүрэн сайд аа, таныг туршлагатай улс төрч хүний хувьд асуудлыг шийдэх байх гэж итгэж байна. Гэхдээ бидний оролцоог хангах хэрэгтэй шүү. Үнэхээр л төсөвт өртөг нь хүрэхгүй байхад энэ компаниуд яах юм бэ. Энэ бол үнэхээр шударга бус. Би эх орныхоо ирээдүйн шударга, сайн сайхан нийгмийг хойч үедээ үлдээхийн төлөө өнөөг хүртэл зүтгэж ирсэн хүн. Тиймээс би бол ямар нэг шийдэлд хүртэл тэмцлээ зогсоохгүй. Манай төрийн бус байгууллагад нэгдсэн компаниуд ч адилхан бодолтой байгаа. Алив Чинзориг сайд аа, Бат-Эрдэнэ аварга аа та нар чуулганы хурлаа тасдаад байдаг юм уу. Засгийн газраас 290 дүгээр тогтоол гарч байхад та нар таг чимээгүй сууж байсан юм уу. Салбарынхаа төлөө дуугарахад эрх ашигт чинь муугаар нөлөөлөх гээд байсан юм уу гэж асуумаар байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)