Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь дараах 3 чиглэлийн хяналт шалгалтыг явуулдаг. Үүнд:
- Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн урьдчилсан мэдүүлгийн хяналт шалгалт
- Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалт
- Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалт.
Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтаар хянан шалгадаг.
Авлигатай тэмцэх газар 2021 онд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 561 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 12468 иргэнд хамаарах урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Түүнээс гадна 315 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан бөгөөд хяналт шалгалтаар 94 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 48 нэгжээр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Авлигатай тэмцэх газар сүүлийн жилүүдэд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүртгэгдсэн мэдүүлэгт хяналт тавих, нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хөгжүүлэх шаардлагаар “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт эрсдэл тооцох аргачлал”-ыг боловсрууллаа.
Энэхүү аргачлалаар албан тушаалтны мэдүүлсэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт 28 бүлэг, 50 орчим үзүүлэлтээр эрсдэл тооцох боломжтой болов. Аргачлалын дагуу 2019-2020 онд мэдүүлэг гаргасан 40 мянга гаруй албан тушаалтны мэдээлэлд эрсдэл тооцсоноос 8292 албан тушаалтан эрсдэлтэй гэсэн тооцоо гарсан.
Цахим системд бүртгэгдсэн мэдүүлэгт цахим системээр дамжуулан хяналт тавих, нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хөгжүүлэх ажлыг Дэлхийн банкны хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын ажлын хүрээнд үндэслэлгүй хөрөнгөжих явдлыг илрүүлэх, мөн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө орлого нь давтамжтайгаар өсч байгаа албан тушаалтны хөрөнгийн байдалд харьцуулсан дүн шинжилгээ хийж, ийнхүү мэдүүлсэн нь татварын орлоготой нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 1 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14