Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэхээр баталсан боловч, НИТХ дахь ХҮН намын бүлгийн саналаар завсарлага авлаа.
Учир нь ирэх жилийн төлөвлөгөөг батлахаас урьтаж өмнөх баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн НИТХ дахь Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооноос нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор дүгнэлтээ танилцуулсан юм. Тус хорооны дарга Б.Мягмар 2024 оны хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэхээс өмнө 2023 оны гүйцэтгэл болон 2021 оноос хойших явцын гүйцэтгэлийн талаарх мэдээлэл, танилцуулга хийх үүргийг Нийслэлийн ЗДТГ-т өгсөн гэсэн юм. Тиймээс дээрх мэдээлэл, танилцуулгыг төлөөлөгчдөд өгөх үүднээс ХҮН намын бүлгийн саналын дагуу хэлэлцэж буй асуудлаар хугацаатай буюу энэ сарын 26 хүртэл завсарлага өглөө.
Яармаг орчмын зэвтэй усыг шийдвэрлэх санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгана
Үргэлжлүүлэн нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийн талаар хэлэлцлээ. Танилцуулгыг Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа хийлээ. Дулаан хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын өвөлжилтийн ерөнхий бэлтгэл 87 хувьтай байгаа аж. Харин цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК урсгал засварын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 90.5 хувийг гүйцэтгэлтэй байгаа гэсэн юм. Мөн ус хангамж, ариутгах татуурга, үерийн далан суваг, хөрсний ус, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайн халтиргаа гулгаа, цэвэрлэгээний бэлэн байдлыг есөн дүүргийн хэмжээнд хангаж ажиллаж байгааг танилцуулав.
Түүнчлэн улс нийслэлийн төсөвт тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээнүүд бий юм. Тухайлбал, Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хорооллуудыг цэвэр усаар хангадаг шугамыг шинэчлэх шаардлагатай. Энэ ажлын хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд ойролцоогоор 6 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй аж. Мөн Таван шар, 21 дүгээр хороолол, Толгойт, Баянхошуу зэрэг хорооллыг усаар хангадаг шугамыг батлагдсан зураг төслийн дагуу нэг ухалтаар шинэчлэх ажлын 86 сая төгрөгийг ирэх оны төсөвт тусгуулах хэрэгтэй байгааг хэллээ. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 800 цахилгаан шатны ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Үүнээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглах боломжгүй 132 цахилгаан шатыг шинэчлэн солих, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай эрчим хүчээр хангах зэрэг төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага бий болоод байна.
Харин Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн иргэдийн дулаан болон цахилгаан хангамжийн найдвартай байдал, сайжруулсан шахмал түлшний асуудлаар нэмэлт мэдээллийг тодруулж байлаа. Мөн Яармагийн зэвтэй усны асуудал, хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийн ажлын үр дүнгээр мэдээлэл хүссэн юм. Нийслэлийн зарим хэсэгт орон сууцны халаалтаа аваагүй байгаа бөгөөд, хэзээ 100 хувь дулаанаар хангаж дуусахыг тодрууллаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “....Аравдугаар сарын 15 гэхэд айл өрх, албан байгууллагуудыг бүрэн дулаанаар хангагдана…” гэв.
Харин одоогоор халаалт нь ирээгүй айл өрхийн хувьд шугамын эвдрэл гэмтлийг засах, тохируулга хийх ажлыг албаныхан гүйцэтгэж байгаа аж. Төлөөлөгч Ч.Раднаабазар Нийслэлийн харьяа агентлагийн удирдлагууд, ЗДТГ-ын ажил хариуцсан хүмүүс НИТХ-ын чуулганд сууж, төлөөлөгчдийн асуултад бүрэн дүүрэн хариулт өгч байх шаардлагыг тавьлаа. Мөн тендерийн ажлыг хугацаанд нь зохион байгуулаагүй эсвэл шалгарсан компани ажлаа гүйцэтгээгүйгээс болж өвөлжилтийн бэлтгэл хангагдахгүй байгааг төлөөлөгчид шүүмжилсэн юм. Улмаар ажлаа хийдэггүй, түүнээс болж нийслэлчүүд хохирдог, сургууль, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг байдлыг хөндсөн юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас энэ асуудлаар нийт 49 компанийн “хар жагсаалт” гаргаж, Сангийн яаманд хүргүүлсэн байна. Тендерт шалгарсан, эсвэл гүйцэтгэлийн гэрээ байгуулсан компаниуд ажлаа гүйцэтгэдэггүй, чанаргүй ажил хүлээлгэж өгдөг байдлыг арилгах үүднээс дээрх компанид дахин нийслэлийн тендерт шалгаруулахгүй хэмээх тайлбарыг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат өглөө. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 11 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14