Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

Admin | 2023-09-22


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ нь их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврээр сар бүр 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт олгодогтой холбоотой юм. Тодруулбал, оюутан нийтийн тээврээр зорчих эрхийг нэмэгдүүлэн 44 болгож, өмнөх журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. 2023 онд оюутныг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулсны нөхөн олговорт олгох төсвийг ₮6,3 тэрбумаар баталсан. Тэгвэл эхний хагас жилд 1,1 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд оюутны зорчих эрхийг нэмэгдүүлсэн ч нөхөн олговор энэ онд батлагдсан хэмжээнээс давахгүй гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа. 

Энэ асуудлыг холбогдох хороодоор хэлэлцэх үед Боловсролын багц хуульд нийтийн тээврийн хөнгөлөлт чөлөөлөлтийг олгохтой холбоотой заалт хүчингүй болсон. Хууль хүчинтэй байх хугацаанд баталсан төсвийн хүрээнд оуютнуудын зорчих эрхийг нэмж болох ч, он гараад дээрх журмыг хэрэгжүүлэх боломжгүй болно гэдэг асуудлыг хөндсөн юм. Тиймээс энэхүү зохицуулалттай холбоотой саналыг Засгийн газар болон холбогдох яамнаас авах үүргийг Нийтийн тээврийн газарт үүрэг болгоод байв. Энэ талаарх тодруулгыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тавив. Мөн төлөөлөгчид хөнгөлөлт чөлөөлөлтийг нэмэхээс илүү нийтийн тээврийн алдагдлыг бууруулахад анхаарч ажиллахыг сануулсан юм. 

Төлөөлөгч Н.Баярчимэг: Нийтийн тээврийн салбарт зарим зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлт чөлөөлөлт өгдөг. Гэхдээ нийслэлийн зүгээс нэг зүйлийг эргэн харах шаардлагатай байгаа нь БШУЯ-ны сайдын эрхлэх асуудлын хүрээнд буюу улсын төсвөөс ачааллыг мөн  хуваалцах хэрэгтэй байна. 

Төлөөлөгч П.Наранбаяр: Засгийн газар нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх рүү халдаж, үүрэг өгдөг байж болохгүй. 133 тэрбум төгрөгийн алдагдалтай нийтийн тээврийн салбарт хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэмнэ гэдэг буруу. Жил бүр 5.5 тэрбум төгрөгийн алдагдлыг нийслэл хүлээж болохгүй. Хоёрдугаарт, залуучууд үнэгүй зорчихыг хүсээд, жагсаал цуглаан хийгээд байгаа зүйл алга. Түүний оронд залуучууд, ажил олгогчдыг бодитой дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мөн нийтийн тээврийн автобус худалдан авах энгийн үйл ажиллагааг яагаад нууцын зэрэглэлд оруулж байгаа талаарх тодруулгыг өгнө үү? 

Төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр: Оюутан сард 22 удаа зорчино гэдэг тухайн сарынхаа талд нь л хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Оюутныг сурах, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг бид олгох ёстой. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Оюутны нэг удаагийн зорчих эрхийг нэмэгдүүлэх шийдвэрийг хоёр талаас харах хэрэгтэй. Энэ бол халамж гэхээс илүү боловсролыг дэмжиж байгаа бодлого. Тиймээс хот нэг удаа оюутнуудад гар тэнийхэд буруудах зүйл байхгүй. Ер нь тэгээд автобусанд дэмий сэлгүүцээд явж байгаа оюутан гэж байхгүй. Эсвэл сургууль руу явна, нэг бол ажил төрөл асуудлаа л зохицуулж, зорчиж яваа шүү дээ. Оюутнууд нийтийн тээврээр зорчино гэдэг түгжрэлийн эсрэг бодлоготой ч нийцэж байгаа асуудал. Цаашдаа нийтийн тээврийн салбарыг өрсөлдөөнд суурилсан, үйл ажиллагаагаараа асуудлаа шийдвэрлэдэг чиглэл рүү явуулах нь тодорхой. Азийн хөгжлийн банкны болон бусад хөгжлийг дэмжигч байгууллагуудтай хамтран Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө гэсэн баримт бичиг дээр ажиллаж байгаа. Том зургаараа нийтийн тээврийн салбар хэрхэн хөгжих талаарх бодлогын баримт бичиг гэсэн үг. Парк шинэчлэл хийсэн 300 тэрбум асуудлын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 парк, 1300 хүртэл автобусыг шинэчлэх боломжийг Засгийн газар олгосон. 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт огт шинэчлэл хийж чадаагүй байсан нь энэ цаг үед шийдэх боломж олдож байна. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: 2022 оны аравдугаар сард бид нийслэлийн төсвийг баталсан. Баталсан төсвийн хүрээнд энэ асуудлыг шийдэж байгаа ч би нэг зүйлийг маш тодорхой анхааруулж хэлээд байгаа. 2024 оны төсөв хэлэлцэх үеэр энэ журмыг хэрэгжүүлэх хууль нь байхгүй болно. Хууль тогтоомжид нийцээгүй бол ямар ч журмыг хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын ХЭГ, ХЗДХЯ, Сангийн яам, БШУЯ-тай энэ асуудлыг ярилцаарай. Түүнээс биш нийслэл оюутнуудаас гар татаад, хэрэгжүүлж байсан ажлаа зогсоох гээд байгаа зүйлгүй. 2023 оны 07 дугаар сард Боловсролын багц хуулийг батлахдаа оюутнуудын хөнгөлөлттэй холбоотой заалтыг хүчингүй болгосон.  Ард түмний татварын мөнгийг хууль зөрчин зарцуулах эрх мэдэл хэнд ч байхгүй. Тиймээс ЗГХЭГ болон холбогдох яамд руу энэ асуудлыг тавьж, хуульд нийцүүлэх шаардлагатай гэдгийг эрт мэдэгдэх хэрэгтэй. 

Ийнхүү хэлэлцсэний эцэст Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар журамд өөрчлөлт оруулах асуудлыг редакцын засвартайгаар дэмжин баталлаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)