Өргөө кино театрт ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээжээ

Admin | 2023-10-03


Өргөө сүлжээ кинотеатр буюу “Нью тур сафарис” ХХК-д ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээжээ. 

Тодруулбал Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Нью тур сафарис” ХХК-ийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн “Нью тур сафарис” ХХК-ийн давамгай байдлаа ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан хууль бус үйлдэлд ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгууль хүчин төгөлдөр болсон байна. 

“Нью тур сафарис” ХХК нь:

  • Дотоодын кино нийлүүлэгч нартай байгуулсан Өргөө сүлжээ кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээнд бүтээл ашиглаж олсон орлогыг ялгавартай хэмжээгээр тогтоосон,
  • Тус гэрээнд заасны дагуу кино тасалбарыг төрсөн өдрийн урамшууллаар олгохдоо нийлүүлэгчдэд хуваарилсан орлогоос суутгах, гэрээний төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар барагдуулах, нийт орлогын тодорхой хувийг өөрийн зохион байгуулдаг наадмын үйл ажиллагаанд зориулан суутгаж байгаа 

Дээрх зүйлс нь тухайн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд Өрсөлдөөний тухай хуулийн дараах зүйл ангиудыг зөрчсөн гэж үзэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д зааснаар 107.528.429 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн: 

  • 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,
  • 7.1.3-д “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах...”,
  • 7.1.11-д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” гэж заасныг

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 01 дүгээр тогтоолоор “Нью тур сафарис” ХХК-ийн кино театрын зах зээлд Улаанбаатар хотын хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг. 

Зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд дотоодын кино нийлүүлэгч нартай хийсэн гэрээнд хамаарахгүй нөхцөл тулгасан, бусад оролцогчид ялгавартай үнэ тогтоосон зэрэг нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Нью тур сафарис” ХХК-ийн гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

 

Эх сурвалж: ШӨХТГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)