Монгол Улсын 2024 оны төсвийг УИХ-аар баталсантай холбогдуулж, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдүгээрт, УИХ-ын Төсвийн ажлын хэсэг төсвийн орлогыг 590 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нийт 27.1 орчим их наяд төгрөгийн орлого 27.7 их наяд төгрөг болсон байна. Цэвэр дүнгээрээ 25.9 их наяд төгрөг болж орлого нэмэгдсэн байгаа. Нэмэгдүүлсэн орлогоороо төсвийн тэнцлийг сайжруулсан. УИХ-ын үндсэн гол үүрэг бол Улсын төсвийн тэнцлийг сайжруулж, алдагдлыг багасгах үүрэгтэй. Үүний дагуу 600 орчим тэрбум төгрөгөөр төсвийн тэнцвэрийг сайжруулж, төсвийн алдагдал ДНБ-ийг хасах 2.8 хувьтай тэнцэж ирснийг хасах 2 хувь болгосон. Тоон дүнгээр авч үзвэл хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай байсныг 1.5 их наяд төгрөг болгож бууруулсан.
Хоёрдугаарт, Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас 1.88 хувиар жигд хасч, төсвийн зарлагыг 320 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан. Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн. Гол шалтгаан нь аудитын байгууллагаар хянагдаж, өнгөрсөн онуудад төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгээд, гүйцэтгэсэн ажлын төсвийн үнэ болон нэмэгдсэн үнэ нь улсын төсөвт тусгагдаагүй байсан 110 объектыг 2024 оны улсын төсөвт төсөвт өртгийг нь нэмэгдүүлж оруулсан. Сангийн яам аудитын дүгнэлт гаргасан объектуудыг есдүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгож өргөн барьсан. Үүнээс хойш дүгнэлт гарсан 110 компани байсан. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалт, хөрөнгийн зардал тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Нийгмийн хамгааллын чиглэлд ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг шийдвэрлэсэн. Тэтгэврийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Бага тэтгэвэр авагчид инфляцид хамгийн их өртдөг. Иймд, жигд тоогоор буюу 100 мянган төгрөгөөр нэмэх нь зүйтэй гэж УИХ үзэж төсөв баталсан. Тэтгэврийн эх үүсвэрт шаардлагатай 140 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байгаа. Төсөв дагасан 21 хууль 8 тогтоол батлагдсан” гэв. Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар хуулийн хугацаанд Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн хуулийг өргөн барьж, өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталлаа. Ирэх 2024 оны төсвийн онцлог нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж төсөвт тусгаж байгаа гол суурь зардал байгаа юм. Энэ зардал нийтдээ 3.4 их наяд төгрөг байна. Үүнийг хэн ч халамж гэж хэлэхгүй гэж бодож байгаа. Ирэх жилийн төсвийг 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэж байгаа ч зардлын 70 хувь нь буюу 3.4 их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл байгаа юм. Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хууль ирэх жил хэрэгжиж эхэлнэ. Иймд 20 хувь нь дээрх хоёр хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой зардал эзэлж байна. Мөн нэг удаагийн арга хэмжээ буюу Парис-2024 олимпын наадам, УИХ-ын 2024 оны сонгууль болно. Мөн нэг удаагийн урсгал зардал Эрдэнэбүрэнгийн УЦС барихтай холбоотой нөхөн олговор зэрэг зардлууд багтаж байна. Ингээд 4.9 их наяд төгрөгийн зардлын 5 хувь буюу 300 орчим тэрбум төгрөг нь өмнөх жилийнхээс нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалтууд байна. Ирэх жил сонгууль болохтой холбоотой сонгууль угтсан төсвийн тэлэлт гэж шүүмжилж байна. Тоог харвал нэг талаар ингэж дүгнэж болох ч задлаад харвал зайлшгүй нэмэгдэх шаардлагатай тэтгэвэр, тэтгэмж, хууль дагасан нэмэгдлүүд байгаа гэдгийг онцлон хэлье. Хөрөнгө оруулалтуудын хувьд төсвөөс гадна олон улсын зээл тусламж, төр хувийн түншлэлээр хийгддэг. Бид сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдээ төсвөөрөө бариад сурсан. Харин эрчим хүч, зам тээвэр гээд томоохон төсөв шаарддаг өндөр өртөгтэй дэд бүтцийн салбаруудыг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээс өөр аргагүй. Иймд, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэрийн сэргэлтийг дэмждэг гол дэд бүтэц болох зам тээврийн салбарт томоохон сэргэлт болох хөрөнгө оруулалтын жил болно. Ялангуяа, Хот хөдөөгийн сэргэлт орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Тухайлбал, Эрчим хүчний салбарт төсвийн санхүүжилт, гадаад тусламжийн нийтдээ 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Харин зам тээврийн салбарт 2 их наяд төгрөгийн өртөгтэй 1000 км автозамын эхлэл болон үргэлжлэл хийгдэнэ. Анх удаа 350 тэрбум төгрөгөөр эх засвар хийгдэхээр Монгол Улсын 2024 оны төсөвт тусгагдсан” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13