Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

Admin | 2023-08-06


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар  Нийслэл дотоодын зах зээлд үнэт цаас арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зарим төсөл арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 85 дугаар тогтоолоор нийслэлийн 2023 оны төсвийн хөрөнгөөр нийт 576 тэрбум 237.7 сая төгрөгийн 1124 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулснаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах замаар татан төвлөрүүлсэн 429.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ачаалал өндөртэй 14 цэцэрлэг, 7 Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 11 Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө, 4 сургуулийн барилгын ажлыг санхүүжүүлэх ба Нийслэлийн инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх төсөл, Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийн 2-р ээлжийн барилга угсралтын ажил, Сэлбэ, Дунд голд үерийн далан барих, Сэлбэ сэргэлт төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил, шахмал түлшний үндсэн түүхий эд болох хагас кокс болон асаагч худалдан авах ажил болон Андеррайтингийн үйлчилгээний зардлыг тус бүр санхүүжүүлэхээр төлөвлөсөн болохыг танилцууллаа.  

Нийслэлийн ИТХ-аас энэ онд нийт 576 тэрбум 237.7 сая төгрөгийг 1124 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр батлаад байсан. Тэгвэл өнгөрсөн сарын 31-ний байдлаар 1 их наяд 98.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 148 тэрбум 515.9 сая төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 25.8 хувийг эзэлж байгаа юм. 

Төсвийн төслийн өөрчлөлттэй холбоотойгоор Сэлбэ сэргэлт төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалтын хэлтсийн дарга Ц.Баярбат танилцуулж, төлөөлөгчдийн асуултад хариулт өглөө. Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох шахмал түлшний үндсэн түүхий эд болох хагас кокс болон асаагч худалдан авахтай холбоотой мэдээллийг танилцуулж, төлөөлөгчид асуулт, санал хэлсэн юм.

Хурлын дэгийн дагуу төслүүдийг  ажлын хороо, намын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээр хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг наймдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлуудыг эцэслэн батлах юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)