Тэжон хотын ИТХ-ын Боловсролын хорооны төлөөлөгчид айлчиллаа

Admin | 2023-08-17


Боловсролын хамтын ажиллагааны төслийн хүрээнд айлчилж буй Тэжон хотын Боловсролын хорооны төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр, төлөөлөгч Н.Баярчимэг, М.Тулгат болон Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар хүлээн авч уулзлаа. 

Тэжон хотын Боловсролын хорооны төлөөлөгч Парк Жү Хуа “Тэжон хотын боловсролын газар Монгол улстай хамтарч боловсролын хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлээд 21 жил болж байна. Одоогоор боловсролын мэдээллийн технологижуулалтын төслийг хэрэгжүүлж байгаа юм. Ухаалаг анги буюу компьютерын ангиудыг байгуулаад, үр дүнтэй танилцан хэлэлцээд, цаашид ямар тусламж хэрэгцээтэй байгаа талаар судалж байна. Манай улс 2025 оноос ахлах сургуулийг кредит систем рүү шилжүүлнэ. Мөн анги танхимыг өөрчлөн дижитал, ухаалаг байдлаар ашиглах боломжтой байдлаар сольж,  хиймэл оюун ухаан буюу AI ашиглан өөрчлөлт хийхээр төлөвлөж байна” гэлээ. 

Уулзалтын үеэр Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Манай улсын боловсролын систем хөгжлийн шатандаа явж байна. Боловсролын хөтөлбөр, агуулга, зохион байгуулалтыг шинэчлэх ажлууд хийгдэж, багш, сурагч, сургуульд хөндлөнгийн үнэлгээ хийж эхэлсэн. Цаашид боловсролын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.  Мөн Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт талархаж буйгаа илэрхийлсэн юм. Харин төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Солонгос улсад сүүлийн үед ногоон буюу эко ухаалаг сургуулиудыг төр хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэ талаар Хөгжлийн яаманд айлчлах үеэр онцлон ярьж байсан. Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр эко сургуулийг барьж ашиглалтыг хариуцдаг. Сургалтын ажиллагааг сургууль хариуцдаг сайн жишигтэй байсан. Энэ тал дээр Улаанбаатар хотын хөгжлийн корпорацаас хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв. 

Тэжон хотын төлөөлөгчид Монголын өсөлт хөгжил дижитал эрин зуунд таарч байгаа нь илүү хурдацтай, ухаалгаар хөгжих боломжтой гэж харж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэмжин тусалж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)