Боловсролын салбарын хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд Боловсрол, шинжлэх ухааны яамны харъя мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцлоо.
2019 онд ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, үдийн цай хөтөлбөрийг өдрийн хоол болгон өргөжүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 380 гаруй мянган хүүхэд өдрийн хоол хөтөлбөрт хамрагджээ. Цаашид нийт сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Энэ талаар Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал “Цаашид ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хоолны зардлын хувь хэмжээг шинэчлэн тогтоох, санхүүжилтийн шинэ хувилбарт шилжих буюу зөвхөн түүхий эдийн үнэ батлах бус өртгийг нэмж батлах, тогтвортой үнээр хүнсний үйлдвэрээс бүтээгдэхүүн нийлүүлэх, одоо байгаа нөхцөл байдлыг сайжруулж цахим хяналтын систем гарган эцэг эхэд мэдээлэл хүргэдэг болохоор ажиллаж байна” гэсэн юм. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулахад улсын төсвөөс гадна олон улсын байгууллагуудад хандсан талаараа хэлсэн юм. Тухайлбал, Японы ЖАЙКА, БНСУ-ын КОЙКА, Дэлхийн боловсролын түншлэлийн байгууллагуудад хандаж, төслүүд хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд сургуулийн орчин нөхцөл, гал тогоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хоол шим тэжээлийн боловсрол олгох чиглэлүүдийг тусгаж ажиллажээ. Онцолбол, Шинжлэх ухаан технологийн их сургуулийг түшиглэн хоол шим судлалын чадавх бэхжүүлэх төвийг байгуулах аж. Ингэснээр бүх сургуулийн хоол үйлдвэрлэгчдийг мэдлэг, чадвараар хангах, хоол, шим тэжээлийн боловсрол олгох иж бүрэн сүүлийн үеийн төвийг байгуулах хөрөнгө оруулалтыг татсан гэлээ.
Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахын тулд шинээр логистикийн төв байгуулан, хүнсний хангамжийн төвтэй болж, дүүргүүдэд байгаа төвүүдийг хангах хэрэгтэй. Хүнсний хангамжийн төвүүд нь сургууль, цэцэрлэгээ хангадаг тогтолцоотой болох юм. Уг төвийг байгуулахад 3-4 жилийн хугацаа шаардлагатай. Нэг үгээр мал аж ахуй, хүнсний ногооны чиглэлийн бүсээс хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийж, зориулалтын дагуу хадгалж нөөцлөөд түгээнэ гэсэн үг. Энэ төслийн хүрээнд Солонгос, Япон, Хятад зэрэг 10 гаруй хотын туршлагыг бид судалсан. Сөүл хотын логистикийн төв хажуудаа төрийн худалдан авах хэсэгтэй байдаг. Төрийн худалдан авах хэсэг нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бусад шаардлагатай төрийн байгууллагуудын хүнсийг хангадаг тогтолцоотой. Тухайн төв нь дотроо сүүлийн үеийн лабораторитой бөгөөд хүнсийг эрүүл байх бололцоогоор хангадаг. Тэгэхээр төсвөөс гадна санхүүгийн олон эх үүсвэртэй болж, дан ганц Боловсрол шинжлэх ухааны яам бус макро түвшинд харж цогцоор нь хоол үйлдвэрлэл үйлчилгээг шинэчлэх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.
Танилцуулга мэдээлэлтэй холбоотойгоор төлөөлөгчид санал хэллээ. Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр хүүхдүүдийг чанартай шим тэжээлтэй хоолоор хангаж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжин, хоолны хүртээмж чанарыг сайжруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Төлөөлөгч Б.Мягмар тогооч, хоол зүйч зэрэг мэргэжилтнүүд ховордож, хүний нөөцийн хомсдолд ороод байгаа. Тийм учраас хүний нөөцөө тооцоолж ажиллах хэрэгтэй. Логистикт ач холбогдол өгч хүргэлтийн үйлчилгээ гаргах зэргээр шинэлэг байдлаар ажиллах, тал талаасаа ярилцаж, бодитой үр дүнтэй шийдэл санаа гаргаж ажиллахыг санал болголоо.
Харин төлөөлөгч Г.Гангамөрөн сургуулийн хүүхдийн хоол чанартай, эрүүл, аюулгүй байх нь хамгийн чухал. Энэ дагуу жижиг дунд үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад ногоо, махаа нийлүүлэх, худалдан авалтаа кластер үйлдвэрүүдтэй нэгтгэж, хариуцлагын тогтолцоог бий болгох, эргээд иргэдээ ажлын байраар хангах зэргээр уялдаа холбоотой хамтран ажиллах боломжтой гэсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 10 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14