Австрали улс руу шууд нислэгтэй болно

Admin | 2023-11-01


АВСТРАЛИ УЛС РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО

Монгол Улс дэлхийн 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээд байна. Мөн монголчууд  хамгийн ихээр оршин сууж буй улс орнуудын нэг болох Австрали улстай Open Sky хэлэлцээр байгуулна.

ДӨРВӨН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН СТАТУСТАЙ БОЛГОНО

Аялал жуулчлалын гол бүс нутагт байрлах “Мөрөн”, “Гурвансайхан”, “Ховд”, “Чойбалсан” нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нисэх буудлын статустай болгохоор концессийн төсөлд сонгон шалгаруулалт зарлав.

ХҮННҮ ЭЙР” ХХК БНХАУ-ЫН ХАЙНАН ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Хүннү Эйр компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал Хайнан арлын Хайкоу хотын нисэх буудлын захиргаа болон холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцээр хийж 2023 оны 11 сараас эхлэн хоёр хотыг холбосон нислэг үйлдэхээр тохиролцлоо.

МИАТ ТӨХК ТАВАН ЧИГЛЭЛД ХҮҮХДИЙН ТАСАЛБАРЫН УРАМШУУЛАЛ ЗАРЛАЛАА

МИАТ ТӨХК эцэг эх, асран хамгаалагчтайгаа зорчих гэж буй 0-11 насны 1 хүүхэд Бээжин, Истанбул, Бангкок, Хонгкок, Франкпурт гэсэн таван чиглэлд зөвхөн такс, хураамж төлөн зорчих боломжтой боллоо.

ЛАОС УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөлтэй Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэлээ. Энэ нь хоёр улсын худалдаа арилжаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг болно.

МОНГОЛЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД МИАТ ТӨХК-ИЙН АГААРЫН ХӨЛГӨӨР ӨМНӨД СУДАН УЛСЫГ ЗОРИЛОО

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн В767 агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн хүргэв.

СИНГАПУР УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон Бүгд Найрамдах Сингапур Улсын ИНЕГ-ын дарга Хан Кок Хуан нар хоёр улс хооронд нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэх, долоо хоногт 14  хүртэлх удаагийн давтамжтай, хоёр улсын аль ч цэг хооронд, дундын цэгүүдийг ашиглан, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар Агаарын харилцааны тухай асуудлаар хэлэлцэн тохиролцлоо.

ВЬЕТНАМ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ТОХИРОВ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ИНЕГ-ын төлөөлөгчид хоёр улсын агаарын харилцаатай холбоотой асуудлыг хэлэлцэн тохиролцлоо. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол иргэдийн хамгийн ихээр зорчдог Нха Транг, Дананг, Хошимин, Ханой зэрэг дурын хот руу шууд нислэгтэй болох боломж бүрдэв.

КИРГИЗТАЙ ХАМТАРЧ ЭКСПОРТ, ИМПОРТЫН ШИНЭ ГАРЦ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИНЭ НИСЛЭГ НЭЭНЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд найрамдах Киргиз улсын Тээвэр, холбооны сайд Текебаев Тилек Кыдырмаевичтай уулзаж, Бишкек-Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бишкек-Ташкент-Дубай, Улаанбаатар-Ташкент-Дели шууд нислэгтэй болгох, далайд гарцгүй орнуудын хувьд бүс нутгийн дэд бүтцийн интеграцид нэгдэх, “Азийн автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Киргизийн талын саналыг хүлээн авч, дэмжих аялал жуулчлалын шинэ маршрут гаргах асуудлаар ярилцаж, ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)