Урдах машиныхаа дугаарыг хардаггүй байсан. Утаа буурсан

Admin | 2023-12-20


Сонсголд Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд  М.Ганбаатар хоцорч ирлээ. 

Тэрбээр:

-НҮБ-ын цөлжилтийн хурлын нээлтэд оролцчихоод хоцорчихлоо. Би 2018-2022 оны эхэн хүртэл тус компанийн захирлаар ажилласан. Тухайн үед байдал маш хүнд байсан. Үүнийг тодотгож хэлэх нь зөв байх. Цар тахлын хүнд үед 220 мянган айл өрхийн нүүрсний хэрэглээг шахмал түлшээр солихын тулд  1 жил 6 сарын хугацаанд үйлдвэрийг барьсан. Хүнд хэцүү даалгаврыг биелүүлэх гэж ажилласан. 2017 онд агаарын чанарын үзүүлэлтийг харахад баруун 4 замын байршилд 4046 ширхэг тоосонцор  1 метр квадратад унасан. 2022 оны нэгдүгээр сарын 5-нд унасан тоосонцрын ширхэг нь 180 болж буурсан.

Үндсэндээ шахмал түлшинд шилжсэн цагаас хойш агаарын бохирдолд цацагдах тоосонцрын хэмжээ 20 дахин буурсан. Та бүхэн мэднэ. Улаанбаатар хот нүүх үү, үлдэх үү гэдэг дээрээ тулсан байсан.

Урдах машиныхаа дугаарыг хардаггүй байсан. Үүнийг арилгах нь бидний үндсэн зорилго байсан. 

Цар тахалтай холбоотойгоор хил, гааль хаагдсан ч тоног төхөөрөмжүүдийг авчрах шаардлагатай болсон. Санхүүжүүлэгч "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспорт 100 хувь зогссон. Бонд бусад банкны эх үүсвэрээр өөрийн эх үүсвэрээ хангадаг болсон. Худалдан авалт, бүх санхүүжилт, хэдэн хэдэн удаагийн хөл хориог тогтоосон. Энэ үед хотын иргэдийг 75 хувь буюу  үнэгүй шахуу түлшээр хангасан. Миний ажиллаж байх үед "Эрдэнэс  Тавантолгой" компаниас 400 гаруй тэрбумын санхүүжилт авсан байдаг. Үүний 50 орчим хувь нь иргэдийн үнийн хямдралд зарцуулсан байдаг. Иргэдийг маш олон эрсдэлээс хамгаалж чадсан. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас медлинг авч байгаагүй. Медлингийг "Энержи Ресурс" ХХК-ийн угаасан баяжуулсан тогтвортой бүтээгдэхүүнийг үйлдвэрт ашиглаж байсан. Сүүлийн 20-30 жил Монголд боссон үйлдвэр бол хуруу дарам цөөхөн. Өнөөдөр 4000 хүнийг ажлын байраар хангасан үйлдвэрийг байгуулсан. Зүүн үйлдвэрийн бүтээн байгуулалт дуусаагүй. Дөнгөж эхний хоёр жилийн бүтээн байгуулалтын 20 хувь дээрээ явж байна. 

 

Нүүрсний сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор  “Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар хэлэлцэж байна. Энэ асуудалд гэрчээр дуудагдсан  “Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд  М.Ганбаатар 09:00 цагт ирнэ гэж мэдэгдсэн ч утсаа салган алга болжээ.

Мөн  НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгаланг гэрчээр дуудсан ч ирсэнгүй.

Түүний хувьд ТУЗ-д ажиллаж байхдаа 2018-2022 онд цалин 38.2 сая, урамшуулал 22.5 сая, бусад 3.3 сая төгрөг нийт 64 сая төгрөгөөр өөрийгөө шагнасан болохыг шинжээч танилцуулсан юм. 

Энэ талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Гэмт үйлдэл хийгээгүй бол зугтаад байх шаардлагагүй. Эрх ямбаа эдлэх болохоороо эдэлдэг. Ард түмний сонсголд дуудагдах болохоор зугтдаг. Ийм асуудал байж болохгүй" гэдгийг онцлов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)