Архангай аймгийн Цагаан даваанд гарсан ослын хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэв

Admin | 2024-02-05


Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон.

Улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 5 автомашин, 1 мотоцикл шатаж, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 8 хүний амь нас хохирсон хэргийг Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч оны 11 дүгээр сард хэлэлцэж, шийдвэрлэсэн (Шүүхийн шийдвэрийг ЭНД-ээс унших боломжтой). Эл шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 1-ний өдөр хянан хэлэлцжээ.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, Аюултай ачаа тээвэрлүүлэгч “Ш” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж дүгнэж, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирол, хор уршиг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар хууль зүйн дүгнэлт хийж эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх нь хохирогч нарын эрх ашигт нийцнэ.

Мөн шүүхийн нотлох баримтын талаар дүгнэсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгов. Хэрэв талууд хандвал уг хэргийг Улсын Дээд шүүх хэлэлцэх юм байна. Хэргийн оролцогчид давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор УДШ-ийн хяналтын шатны шүүхэд хандах боломжтой. 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)