Л.ГАНБАТ: Улсын хэмжээнд 40 мянга орчим шалгуулагч монгол хэл бичгийн шалгалт өгнө

Admin | 2024-02-19


Элсэлтийн Шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл өнөөдрөөс (2024.02.19)-нд эхэлж байгааг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн захирал Л.Ганбат мэдээллээ. 

Шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалтдаа 400 оноо авснаар цааш их, дээд сургуульд элсэн суралцах боломж нээгддэг.  Монгол хэл бичгийн шалгалтын талаар "Энэ жилийн хувьд Ерөнхий Боловсролын Сургуулийн 12 дугаар ангийн 35,485 суралцагч сурч, төгсөж байна. Үүн дээр өмнөх оны шалгуулагчид нэмэгдэж, ордог.  Өнгөрсөн жилүүдийн дунджаас харвал 5,000-6,000 орчмоор өмнөх оны шалгуулагч нэмэгддэг. 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдаас 1,000 орчим нь ямар нэгэн байдлаар шалгалт өгдөггүй гэдэг өмнөх жилүүдийн жишиг судалгаа бий. Энэ жилдээ 40,000 орчим хүүхэд ЭЕШ-д хамрагдах урьдчилсан тооцооллыг гаргаж, үйл ажиллагаагаа зохион байгуулж байна" гэв.

Мөн "Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчаас монгол хэл бичгийн шалгалтыг заавал авдаг. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо нь 400 байдаг.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн хугацаа:

2024 оны хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 15-ныг хүртэл эх хэл, бичгийн шалгалтын бүртгэлийг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл, ЭЕШ-ын бүртгэлтэй зэрэгцэн эхэлж байна.

Монгол хэл, бичгийн шалгалтын гол зорилго нь суралцагчдын эх хэлээрээ унших, ярих, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах чиглэлээр авдаг.

Тодруулбал

  • Уншаад ойлгох чадвар
  • Зөв бичих чадвар
  • Үндэсний бичгээр унших чадвар
  • Эх зохион найруулан бичих чадварын агуулгын хүрээнд байна.

Шалгуулагч нь “Монгол хэл, бичгийн шалгалт”-ын босго онооны болзол (400 оноо) хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно. Харин “Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их сургуульд элсэхгүй" гэдгийг БҮТ-ийн захирал Л.Ганбат сануулав.

Монгол хэл бичгийн шалгалтын хуваарь:

  • Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр буюу Бямба гарагт 10:00-11:40 цагт улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулна.
  • Монгол хэл бичгийн дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 15 хүртэлх хоногийн дотор мэдээлнэ.  

Холбогдох журмын тухай "Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-нд А66 дугаар тушаалаар Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ыг зохион байгуулах тухай журмыг баталсан байдаг.

Энэ журмын үндсэн агуулга нь

  • Элсэлтийн шалгалтыг хэрхэн зохион байгуулах
  • Олон улсын шалгалтын дүн оноог хэрхэн дүйцүүлэх
  • 2024, 2025 онд элсэлтийн шалгалт яаж явагдах болон цаашид ЭЕШ нь 2026 оноос эхлэн ямар арга зүй, зохион байгуулалттай явагдах вэ гэдгийг зохицуулсан журам юм.

Өөрөөр хэлбэл хуучин ЭЕШ-ыг зохион байгуулах журмыг Боловсролын Үнэлгээний Төвийн захирлын тушаалаар баталдаг байсан бол өнгөрсөн онд батлагдсан Боловсролын багц хууль, Боловсролын ерөнхий хуульд тусгагдсаны дагуу холбогдох журмыг салбарын сайд баталдаг болсон.

Сайдын баталсан тушаалыг  хэрэгжүүлэхтэй холбоотойгоор БҮТ-ийн захирлын тушаалаар зохион байгуулах тухай удирдамжийг баталж гаргасан байгаа" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)