Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо

Admin | 2024-03-21


   Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар   “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах болон нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркийг компани хэлбэрээр өөрчлөн байгуулах талаар хэлэлцэж, санал солилцлоо.

2022 онд шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвгэрийн заагийг тогтоохтой холбоотой тогтоолын төслийн өөрчлөлтийн талаар Нийслэлийн Засаг даргын эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Сайнзориг танилцууллаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт  оруулснаар 411 гаруй өрхийн 1727 орчим  иргэний оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүд арилна гэж үзэж байгаа талаар дурдсан юм. Өмнө нь Чингэлтэй дүүргийн ИТХ болон Засаг даргаас 7, 12, 16, 17, 19 дүгээр хороодыг хувааж, 20-24 дүгээр хороог шинээр байгуулах саналыг Нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Энэхүү саналын хүрээнд хороог шинээр зохион байгуулах явцад дээрх хороодын нутаг дэвсгэрийн заагийг батлахдаа дээрх  өрх  айлуудын хаягийн болон бусад зөрүүтэй байдал үүссэнийг засах шаардлага үүсээд байгааг тайлбарлав. Тогтоолын төслийг төлөөлөгчид дэмжиж, Нийслэлийн ИТХ-ын  ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Хуралдаанаар мөн Нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ыг компани хэлбэрээр өөрчлөн байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбоотойгоор төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Төлөөлөгч Б.Мягмар Хувьцааны дүнг хэрхэн тооцсон, технологийн паркуудын газрын нийт хэмжээ болон хувьцааны дүнд туссан эсэх талаар тодрууллаа.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн менежментийн хэлтсийн дарга М.Энхболд “Үйлдвэр технологийн паркийн хувьцааны тоо ширхэг, дүрмийн санг Засгийн газрын 2018 оны тогтоолоор батлагдсан газрын нэгж талбарын үнэлгээнд суурилан гаргасан” гэлээ. Мөн Харин Багануур үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын дарга Ч.Элбэгсайхан “Биет болон биет бус хөрөнгийг үнэлж хувьцааны тоог гаргасан гэсэн бол Засаг даргын орлогч Б.Сайнзориг “Одоогийн байдлаар баталгаажсан хөрөнгийн дүнгээр энэ асуудлыг шийдвэрлэж байна. Явц дундаа үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг тухай бүрд нь ТУЗ-өөр ярилцаж шийдвэрлэх боломжтой” гэж хариуллаа.

Хэлэлцэж буй асуудлаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хотын эдийн засгийг тэлэх, төвлөрлийг сааруулах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх эдгээр паркуудын үйл ажиллагаанд илүүтэй анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллах шаардлагатай” байгааг онцоллоо. Харин Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны дарга Н.Баярчимэг “Үйлдвэр технологийн паркийн асуудалд хорооны зүгээс анхаарч, төлөөлөгчдийн саналыг тусгаж, нухацтай ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм. Хэлэлцэж байгаа асуудлыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар эцэслэн хэлэлцэж шийдвэрлэнэ.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр 10:00 цагт хуралдана.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

 

  •  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)