Ж.СҮХБААТАР: МҮОНРТ-ийг дотно санагддаг учраас би үздэг. Гэхдээ нэг хэвийн уйтгартай болоод байна

Admin | 2024-05-02


  Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурлаар МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн талаар хэлэлцлээ. Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Байнгын хорооны 2024 оны нэгдүгээр сарын 16-нд байгуулсан ажлын хэсэг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлага, албан хаагчдын төлөөлөл бүхий хүмүүстэй нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Уулзалтын үеэр тавигдсан асуудал болон байнгын хороонд ирүүлсэн өргөдөл гомдлыг нягталж үзээд дараах дүгнэлтийг боловсруулсан" гэв.

Дүгнэлтийг танилцуулбал:

  • МҮОНРТ-ийн тухай хуулийн 17.1.5-д МҮОНРТ-ийн санхүүжилтэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлнэ гэж заасан боловч дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан тусгаагүйгээс болж төсвийн дэмжлэг нь Сангийн сайдын багцаас олгодог. Иймээс төсвийн дэмжлэгийг авахад хүндрэлтэй, жил бүр харилцан адилгүй олгодог гэсэн бэрхшээл үүссэн. 
  • Хоёрдугаарт МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсний хэмжээг Үндэсний зөвлөлийн саналын үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд тус хураамжийг нэмэгдүүлэх байгууллагын саналыг хэлэлцээгүй. 

2005 оны нэг ам.доллартой дүйцүүлсэн 1,100 төгрөгийн хураамж одоо хүртэл үйлчилж байгаа нь МҮОНРТ-ийн санхүүгийн эх үүсвэр алдагдалд ороход хүргэж байна. Засгийн газраас төсөв, инфляц, үнийн өсөлт зэргийг харгалзан үзэж, шинээр хураамжийг тогтоох шаардлагатай байна.

  • Гуравт, Хяналтын зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй. МҮОНРТ-ийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналт маш сул байна. Иймд Хяналтын зөвлөлд Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгохыг хориглох шаардлагатай байна.
  • Дөрөвт 2023 оны байдлаар 4.4 тэрбум төгрөгийн өр НДШ-ийн санд үүссэн. Энэ нь өмнөх оноос хоёр дахин үзүүлэлттэй байгаа юм" гэж тайлбарлав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Би үзэгчийн хувиар хэлж байна. УИХ-ын ажлын хэсэг олон удаа ажилласан. Дүгнэлт хийхээр МҮОНРТ дампуурлаа, одоо гүн хямралд орлоо гэж ярьдаг. Захиргаа, санхүүгийн асуудал байна. Аудитын дүгнэлтээс харахад засаглал буюу хүн болохгүй байна. УИХ-аас Үндэсний зөвлөлийг томилохдоо зөв хүнээ сонгож болдоггүй юм уу. Эсвэл хүнээс болоод байвал Үндэсний зөвлөлийг татан буулгах юм уу. МҮОНРТ надад дотно санагддаг учраас би үздэг. Гэхдээ нэг тийм хэвшмэл, тогтсон уйтгартай болоод байна. Энэ нь төрийн оролцоотой байна. Энэ телевизийн загварыг муутгах, доош хийх маягаар явж болохгүй. Хайрлаж, хамгаалж, босгож ирэх ёстой" хэмээн асуулаа. 

 

Харин МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл "2024 оны дөрөвдүгээр сард ажлаа аваад төсвөө Үндэсний зөвлөлд оруулж байна. Хямралыг даван гарах, өрийг барагдуулах, өртэй үйл ажиллагааг хэрхэн явуулах саналыг үндэсний зөвлөлд өгсөн. Ажил аваад өрөө шалгахад цаасан дээр 4.2 тэрбум төгрөг, үйл ажиллагаатай холбоотой дөрвөн тэрбум төгрөг асуудал байсан. МҮОНРТ 2024 онд нийт 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар харагдаж байна" хэмээн нөхцөл байдлаа тайлбарлав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)