Үргэлжлэлийг Tentsver.mn энд дарж уншина уу
Хятадын Ши Ань хот сүүлийн хэдэн жил жуулчдыг ёстой “даллаж” байгаа газар. Учир нь Ши Ань хот эртний хятадын 13 улсын нийслэл байсан бөгөөд асар их түүхийг шингээсэн газар. Яг үүнд нь тулгуурлаж Хятад бодлогоор уг хотыг маш сайн тооцоолж орчин үеийн хүмүүс уйдахааргүй хөгжүүлж чадсан гэсэн үг. Өмнөх цувралд Ши Ань хотод очвол юу үзэх боломжтойг та бүхэнд товчхон хүргэсэн. Тэгвэл энэ удаагийн дугаартаа Ши Ань хотод очвол заавал үзэх ёстой нэгэн газрын талаар сонирхуулж байна. “Чинь Шыхуан хааны онгоны музей” буюу Чин Шыхаун хааны өөрийгөө хамгаалуулж хийлгэсэн олон мянган цэргийн шавар баримлын олдворыг үзэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрээс сая сая жуулчин Ши Ань хотыг зорьж байна. Хятадын төдийгүй дэлхийн газар доорх хамгийн том археологийн олдворт тооцогдож буй уг музей хотын зүүн зүгт 35 километрийн зайд байрлах аж. Монголчууд Чингис хааныхаа өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал сумыг зорьдог шиг хятадын ард түмэн ч олон тархай бутархай улсыг нэгтгэж Хятад улсын анхны төр улсыг төвхнүүлсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн Чинь Шыхуан хааныхаа онгон музейг зорих цуваа ч үл тасарна.
Анх 1974 онд тариачин эр худаг гаргахаар газар ухахад ус биш шавар хөшөө гарч иржээ. Энэ мэдээ эрчимтэй тархаж, тус газрыг хамгаалалтад авч археологийн баг ажиллаж эхэлсэн байна. Уг шавар баримлуудыг 2200 жилийн өмнө буюу МЭӨ 200-гаад онд Чин гүрний Чинь Шыхуан хааны үед баригдсан хэмээн үзжээ. Одоогийн байдлаар 1400 гаруй цэргийн шавар баримал гараад байгаа бөгөөд нийт 8000 цэргийн баримал газар доор байгаа гэсэн судлаачдын тооцоо гарчээ.
Эдгээр цэргийн шавар баримал дунджаар 180 см өндөр 18-50 насны эр цэргүүдийг илтгэх бөгөөд нэг ч баримлын царай давхацдаггүй гэдгээрээ алдартай. Үүнээс үзэхэд тухайн цаг үед амьдарч байсан цэргүүдийг дуурайлган хийсэн гэх таамгийг бий болгож. Хэдэн мянган цэргийн шавар баримал хаан эзнээ хамгаалж буй мэт ирийн зогсох нь сүртэй бөгөөд ганцхан цэргийн баримал бүтэн олдсон нь ёсолж байгаа болов уу гэмээр нэг хөлөө нугалж суусан цэргийн шавар баримал аж. Бусад нь ямар нэг хэмжээгээр гэмтсэн олдсон бөгөөд учир нь тухайн үедээ шавар баримлын олон мянган хөшөөг хамгаалж дээвэр бүхий зүйл модоор барьсан нь хэдэн мянган жилийг элээх явцад нурж, улмаар байгальд уусаж үгүй болсон гэнэ. Ганц бүтэн үлдсэн баримал нь хагас суусан учир дээврийн нуралтад тэсэж үлдсэн хэмээн судлаачид онцолж тухайн хөшөөг шилэн хоргонд хийж музейн голд байрлуулжээ. Мөн бусдаасаа нүүрний хувирал, үсний засалт, хуяг дуулгаараа арай өөр армийн ахлагч жанжин болов уу гэж таамаглаж болох баримлууд ч багагүй бий. Ийм онцгой баримлыг шилэн хоргонд тусгайлан байршуулсан байх юм.
Хамгийн сонирхолтой нь цэргийн шавар баримлуудыг олдсон байршлаар нь гурван хэсэгт хувааж хамгаалалт бүхий байгууламж барьсан байна. Судлаачдын малтлага гурван үе шаттай явагджээ. 1978-1984 онд эхний үе шат, 1985-1986 онд хоёрдугаар үед шат явагдсан бол 2009 оноос өнөөдрийг хүртэл гурав дахь үе шат үргэлжилж байгаа юм. Хэмжээг баримжаагаар тооцоолох аваас асар том агуулахтай төстэй. Олдвор голд нь байрлах бөгөөд үзэгчид байгууламжийг бүтэн тойрч, шавар баримлуудыг тал бүрээс нь харах боломж бүрдүүлсэн байв.
Нэгдүгээр хэсэгт бидний мэдээ мэдээллээс түгээмэл харж байсан жагссан олон мянган шавар баримал цэргийн хороо байх аж. Жагсаалын эхэнд анх тариачин худаг ухахаар малтсан газар гэсэн утгатай бичиг байршуулж. Олдворын хамгийн том хэсэг нь нэгдүгээр хэсэг. Нэгдүгээр хэсэг нь зүүнээс баруун тийш тэгш өнцөгт бүхий 230 метр урт, 62 метр өргөн таван хаалгатай малтлагын хэсэг буй. Ихэнхдээ явган цэргийн хороо гэж хэлж болохоор.
Хоёрдугаар хэсэгт морин цэргүүд голдуу байх бөгөөд талбайн хэмжээ нь 6000 квадрат. Морин цэргүүдээс гадна морин тэрэг, явган цэрэг, сөхөрч суусан цэргүүдийн баримал дийлэнхийг эзэлдэг байна.
Гуравдугаар хэсэгт хамгийн цөөн буюу нэг морин тэрэг, тэргэнд хөлөглөсөн дөрвөн морины шавар баримал 70 орчим цэргийн шавар баримал олдсон байна. Ер нь хэсэг бүр өөр өөрийн үүрэгтэй байсан нь олдворын зохион байгуулалтаас харж болохоор юм. Түүнчлэн зөвхөн цэргийн шавар баримлаас гадна тухайн цаг үеийг илтгэх эд зүйлс тоймгүй их олджээ.
Биднийг музейг сонирхохоор очих үед ч малтлага, олдворыг сэргээх археологичдын ажил үргэлжилж байв. Хамгийн хачирхалтай нь хэдэн мянган жуулчин хөл гишгэх зайгүй шахуу шавар баримлын хөшөөг сонирхож байхад археологичид ер ажралгүй ажлаа хийх аж. Ийм нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд улсаас шинжлэх ухаанд суурилсан бодлого барьж ажилласан нь мэдээж. Учир нь байгууламж бүрийн дулаан, агаар, чийг хадгалах систем автомат бөгөөд нарийн тохиргоотой.
Үгүй бол малтлага хийгээд олдвор гаргаж ирэх явцад маш хурдан химийн урвал явагдаж өнгө будаг өөрчлөгдөж чанараа алдах эрсдэлтэй. Тиймээс энэ бүхнийг нарийн тооцоолж байгууламж барьсан бөгөөд олон жилийн малтлага үргэлжлэх учир жуулчдын нүдийг хужирлаж, аялал жуулчлалын салбарт орох мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх таатай тохиолыг маш зөв ашигласан харагдана. Ямартай ч энэ бүхнийг үзэх явцад дотоодын жуулчдын хөл ч тасрахгүй аж. Бүр Хятадын тэр дундаа Ши Ань хотын иргэдийн дунд “Чинь Шыхуан хааны онгоны музейд ажилд орох нь энэ насны ажил. Дахин ажил хайх шаардлагагүй болно” хэмээн явган яриа ч дэлгэрчээ. Учир нь 50 жилийн хугацаанд малтлагаар 1400 гаруй шавар баримал гаргасан бөгөөд цаана нь дахиад 6600 орчим бий гэж судлаачид үзэж буй. Энэ бүхний төлөө хятадын хамаг л сайн гэсэн 2000 археологичид ажиллаж байна.
Дашрамд дурдахад, музейн тасалбарын үнэ 120 юань бөгөөд өдөрт 30 мянга гаруй жуулчид ирдэг байна. Харин өндөр настан болон хүүхэд үнэгүй үзэх боломжтой. Ер нь энэ бүс нутгийн онцлог нь ой мод ихтэй, зөөлөн чийглэг уур амьсгалтай учир жуулчдын хувьд цаг агаар тааламжтай гэж хэлж болно. Хятадын аялал жуулчлалын бодлогоор хөгжүүлж буй бүс нутгийн музейгээс бусад дотоодын музей бүгд үнэ төлбөргүй байдаг аж.
Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06