Энэхүү дугаараараа бид Өвөрмонголын залуу малчдын аж амьдралын талаар сонирхуулан хүргэж байна. ӨМӨЗО-ны Баруун үзэмчин хошууны Баянхошуу сумын Шүүт гацаанд магистрын зэрэгтэй малчин залуус бий. Мэдсэн сурсан эрдмээ өвөртлөөд мартагдаж буй хөдөөгийн соёлыг хөгжүүлэхээр төрж өссөн Шүүт гацаандаа ирсэн Омогшилынх өнөөдөр хөдөө аж ахуйг орчин үеийн техник технологитой уялдуулж хөгжүүлснээрээ олны анхаарлыг татаж, орсон гарсан бүхэнд туршлагаа хуваалцаад сууж буй нь энэ. Түүний эхнэрийг Алтанзураг гэдэг. Омогшил эхнэрийн хамт 2016 онд Өвөрмонголын их сургуулийг утга зохиолын чиглэлээр төгссөн бөгөөд улмаар ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна. Гэвч төгссөн мэргэжлээрээ ажиллахаас эрс татгалзаж хотын нүргээнд амьдралаас хөдөөгийн буйдхан гацаандаа ирж мал маллах болсон нь их учиртай.
Омогшил зүгээр ч нэг малчин болохыг хүссэнгүй. Тэрбээр их сургуульдаа хийсэн судалгаандаа үндэслэн “ОТОР ЭКО” гэр бүлийн фермийг байгуулжээ. Энэхүү фермийн гол гол зорилго нь уламжлалт мал маллагаанаас илүүтэйгээр орчин үеийн техник, технологийг ашиглаж хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, малын үйлдвэр гарлыг сайжруулж өгөөжийг нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэжээ. Ингэхдээ 2019 оноос симментар, ангус үйлдвэрийн үхрийг гадаадаас оруулж ирж өсгөх болсон байна. Энэ ажил нь ч амжилттай болж. Тиймээс үхрийн фермээ томруулж манайхаар бол томоохон хэмжээний саравч нэмж барьсан гэсэн үг. Фермийг томруулахын сацуу малын тэжээл бэлтгэх, усалгаа зэргийг автомат системтэй болгож хөдөлмөрийг хялбаршуулсан байна. Энэ нь өвлийн цас зудны гамшгийг малын хорогдолгүй давах нэг давуу хүчин зүйл болжээ. Омогшил мал аж ахуйн хөгжлийг нэн дээд түвшинд авчирсан тул төр засгаас нь мөн чамгүй дэмжлэгийг үзүүлдэг байна. Ер нь тус улсын засгийн газраас малчдаа олон талын хөнгөлөлт, урамшууллаар дэмждэг юм байна. Фермийн шаардлагатай барилга байгууламж барих бол газрыг үнэгүй олгох, өвс тэжээл бэлтгэх бүрэн автомат машин авах бол зах зээлийн үнээс 50 хувь хөнгөлөх, өсгөсөн малын тоо толгойгоор урамшуулах өгөх зэргээр малчдаа маш сайн дэмжиж ажилладаг нь малчдын хувьд тогтмол орлоготой болох таатай нөхцөлийг бүрдүүлж чаддаг байна.
Одоогоор Омогшилынх гэхэд 2000 акр га талбайд 40 гаруй симментар үйлдвэрийн үхэр, 20 гаруй ангус үйлдвэрийн үхэр, 200 гаруй хонь маллаж байна. Өвөлдөө малаа дулаан саравчинд тэжээдэг бол урин цагт хашаандаа гаргаж малладаг байна.
Өвөрмонголд нэг кг мах 120 юань буюу манайхаар 60 мянган төгрөгийн үнэтэй. Омогшил жилдээ 100 төл авах бөгөөд жилдээ 50 орчим тугал зардаг байна. Тухайлбал, 2020 онд симментар үхрийн тугал 20.000 юань хүрч жилд 1 сая юанийн орлого олж байж. Энэ талаар Омогшил “Сайн үйлдвэрийн үхрийг маллахад өгөөж нь их. Жилийн бүх зардлаа хасахад л ашигтай үлддэг. Бидний үеийн залуус хотод хамгийн сайнаар хичээж ажилласан ч цалин нь нэг тугалын үнэ хүрэхгүй. Харин хөдөө бид амар амгалан малаа маллаад ашиг орлоготой байх боломж байна” гэв.
Түүний гол зорилго ашиг орлого ганцхан бас биш юм аа. 30 гаруйхан настай Омогшил гэх энэ залуу ашгаас илүү мал аж ахуйг орчин цагийн хэлбэрт оруулж хөгжүүлж, хот руу тэмүүлэх олон залууг хөдөө рүү татах сонирхолтой. Хэдий хэдхэн жил мал маллаж байгаа ч багаас малын захад өссөн түүний хувьд түүртэх зүйлгүй. Гэвч тэр өдөр болгон суралцаж байдаг нь түүний ажлын өрөөнөөс илт харагдана. Номын шүүгээнд нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, үйлдвэр сайтай мал өсгөх талаар судалгаа шинжилгээний ном олон байх аж. Тэрбээр сонирхлоорой малын эмчийн мэргэжлээр сураад амжсан. Тиймээс малын хээлтүүлгээ өөрөө 100 хувь хариуцаж хийдэг байна. Ойр орчмын малчид симментар үйлдвэрийн тугал их авна. Энэ нь түүний туршлага хошуу гацаандаа түгэж байгаагийн нэг илрэл юм. Тэд энэ их ажлын хажуугаар нутгийн залуу малчдад туршлага хуваалцах сургалт ордог байна.
Эхнэр Алтанзураг “Бид залуу хүмүүс учраас хааяа гоё кино үзэж, хоол идмээр санагдана. Тэгвэл 20 орчим км машинаар давиад сумын төв ороод л асуудлаа шийдчихнэ. Харин зуны улиралд малаа хашаандаа гаргаж аав ээждээ захиад аялаж зугаалахаар гадаад дотоод явдаг. Энэ жил хаашаа аялах уу гэдгээ ч төлөвлөчихсөн байгаа” хэмээн ярих аж. Аргагүй л шинэ цагийн малчид энэ ажээ...
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Голомт банк мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шин...
tentsver.mn | 2024-10-03
Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон ш...
tentsver.mn | 2024-10-03
“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар а...
tentsver.mn | 2024-10-02
“Хадгаламжтай аялал” аяны азтанууд Disneyland руу аялах эрхэ...
tentsver.mn | 2024-09-25