Он гарснаас хойш шилжилт хөдөлгөөнийг зогсоох хүртэлх хугацаанд 70,071 иргэн шилжилт хөдөлгөөн хийжээ

Admin | 2024-05-14


2024 оны УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 28-нд болно. Хуульд заасны дагуу эл өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоодог. Энэ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-нд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Он гарснаас хойш шилжилт хөдөлгөөнийг зогсоох хүртэлх хугацаанд 70.071 иргэн шилжилт хөдөлгөөн хийжээ. Үүний 27,321 нь нийслэл болон орон нутаг хооронд шилжсэн бол 42,750 нь нийслэл дотроо байна.

Он гарснаас хойш Увс аймаг руу 2465 хүн шилжин очжээ. Орхон руу 1784, Ховд руу 1110, Төв рүү 1098, Дархан-Уул руу 1081 иргэн шилжсэн байна. Харин Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд руу хамгийн цөөн хүн шилжин суурьшжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Улаанбаатараас орон нутаг руу жилд дунджаар 11-12 мянган иргэн шилждэг байна. Гэтэл энэ оны эхний дөрвөн сард 9420 иргэн орон нутаг руу шилжсэн байна. Нийслэлээс орон нутаг руу шилжсэн иргэдийн тоон мэдээллийг аймаг, аймгаар нь ангилан харвал дараах дүр зураг ажиглагдаж байна.

Тодруулбал, 17.8 хувь нь буюу 1679 нь Увс аймаг руу шилжин очжээ. Харин Баян-Өлгий рүү хамгийн бага буюу 73 иргэн шилжсэн байгаа юм. 

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийслэл дотор буюу дүүрэг хооронд 42,750 хүн шилжилт хөдөлгөөн хийсний дийлэнхийг нь Баянзүрх болон Хан-Уул дүүрэг эзэлж байгаа юм.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 12,107 хүн шинээр бүртгэл хийлгэжээ. Харин Хан-Уул дүүрэгт 10,969 хүн шилжин очсон байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)