Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын татварыг чөлөөлөөд байна

Admin | 2024-05-16


  Гурилын импортын гаалийн татварыг  чөлөөлсөн шийдвэрийг тавдугаар сарын 1- нээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн дарга Г.Батмөнхөөс нийлүүлэлт ямар байгааг асууж тодрууллаа.

-Энэ оны 5-р сарын 01-нээс эхлэн импортын гурилын татварыг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар нийлүүлэлт ямар байгаа вэ?

-2024 оны 5-р сарын 1-нээс импортын гурилын гаалийн татварыг чөлөөлсөнтэй холбоотой боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ нэмэгдэж байна. 5-р сарын 12-ны байдлаар 2147 тонн импортлогдсон байна. Энэ хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр сарын хугацаанд орж ирж байсан гурил энэ арваад хоногт орж ирсэн байна. Гурилын импорт ямар нэг саадгүй чөлөөтэй орж ирж байна.  Энэ орж ирсэн гурилын татварын хувь хэмжээг авч үзвэл 200 ГАРУЙ САЯ төгрөгийн татварыг чөлөөлжээ. Энэ нь импортын гурилын үнэд нөлөөлөх ёстой гэж харж байна.

Импортолж байгаа гурилыг улсын хилээр оруулж ирэхэд “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай” хуульд заасан хяналтыг хэрэгжүүлдэг. Энэ хуульд ургамлын гаралтай бараа бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээг хийх эрх нь ХХАЯам буюу тус асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байдаг. 5-р сарын 10-ны өдөр 01/1650 ХААЯ-ы албан тоот ирсэн. Үүнд эрсдэлийн үнэлгээг хялбарчлах нөхцөлөөр буюу Хүнсний тухай хуулийн 11-р зүйлийн 1-ээс 11.2.4 хүртэлх заалтуудыг үндэслэн гурилын хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд уламжлалт харилцаатай орноос импорт хийх тухай бичиг ирснийг хүлээж авсан. Энэ Хүнсний тухай хуульд импортлогч нарт ямар шаардлага тавигддаг вэ гэхээр тухайн улс орны үйлдвэрлэгч ОУ-ын чанарын сертификат ISO болон HACCP-ийг авсан байх, гарал үүслээ баталгаажуулах, МУ-д бүртгэлтэй хуулийн итгээд байх, хаяг шошгын шаардлагуудыг бүрэн хангасан байх гэх мэт шаардлагуудыг хангуулсан байх ёстой гэсэн заалтууд байдаг. 

Орж ирж байгаа гурилын чанарын хувьд үйлдвэрлэгчийн дагалдуулсан чанарын сертификатыг харгалзан үзээд лабораторийн шинжилгээнд хамруулдаг. Энэ шинжилгээнд хамруулснаар тухайн гурил Монгол Улсын стандарт хангаж байгаа эсэхийг үзэж оруулдаг. Одоо орж ирж байгаа гурил дээр шаардлага хангаагүй асуудал гараагүй. Гурилын импорт ямар нэг хориг саадгүй байгаа гэсэн үг юм.

-Хэрэглэгчид үнийн асуудалд анхаарч байгаа, хилээр орж ирж байгаа гурилын нэрлэсэн үнэ ямар байгаа бол?

-Үйлдвэрлэгч улс болон дээд гурил, нэгдүгээр гурилаасаа шалтгаалж 1300-1500 төгрөгөөр орж ирэхээр ажлын хэсэг дээр тооцсон байсан. Гурилын үнэ өөрөө зах зээлийн зарчмаар зохицуулагддаг. 5-р сарын 1-нээс хойших хугацаанд гурил импортолж оруулж ирэх хүсэлт тавиад хуулийн дагуу гаалийн байгууллагаас импортын мэдэгдлийг цахимаар олгосон тоо хэмжээг харвал 20 гаруй мянган тонн гурилын импортын хүсэлт ирээд эхнээсээ зөвшөөрөгдөөд орж ирж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 24 мянган тонн гурил импортлох хүсэлт ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед импортлогдсон гурилаас 2,5 дахин их хэмжээ. Нийлүүлэлт ихсээд ирэхээр үнийн хувьд буурах боломжтой гэж харж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)