“Үнэт цаасны бүртгэлийн хураамж”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

Admin | 2024-06-05


          Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 39 асуудал хэлэлцлээ. УИХ-аас Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өнгөрсөн онд баталсан бөгөөд энэ оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх юм. Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам”-ыг Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хамтран боловсруулсныг хуралдаанаар танилцууллаа. Журмыг баталснаар хөрөнгө оруулагчдын татварын харилцааг хялбаршуулах боломж бүрдэхийн зэрэгцээ тайлан гаргах үүргээс чөлөөлөгдөх цаашилбал хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. 

Мөн УИХ-аас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталж өнгөрсөн оноос мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх хугацаанд хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлж байсан компаниуд бүтцийн өөрчлөлт хийж өөр хуулийн этгээдэд үйл ажиллагаагаа шилжүүлэх эсхүл шинэ хуулийн этгээд байгуулж үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах шаардлага тулгарсан бөгөөд тэдгээрийн хувьд “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын зарим нөхцөл, шаардлагыг хангах боломжгүй болсон тул хуралдаанаар уг журамд нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа. Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичгийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалт,  төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй болон нэг компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй бондыг тус, тус бүртгэж, хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл, нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж, нэг хамтын хөрөнгө оруулалтын сангийн дүрэм болон бодлогын баримт бичиг мөн нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд тус, тус өөрчлөлт оруулах, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг шинэчлэн батлах, сангийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. 

Түүнчлэн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван компанид, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр зургаан компанийг, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий зурган иргэнд олгохоор, нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус, тус хэлэлцэн шийдвэрлэсэн юм.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)