2024-2025 оны хичээлийн жилд 27 сургууль, 48 цэцэрлэг шинээр ашиглалтад орно

Admin | 2024-08-06


  Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл, үерийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулна.  

 

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “2024 оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, дөрвөн сургууль ашиглалтад орсон. Ерөнхий боловсролын сургуульд 403,352 хүүхэд, цэцэрлэгт 142,150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 68 мянган хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Энэ хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын  сургуулийн нэгдүгээр ангид 38,398 хүүхэд элсэх бөгөөд цахим бүртгэл наймдугаар сарын 12-ны өдрөөс эхэлнэ. Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн нийт 265 сургуулийн автобус үйлчилгээнд явахаар төлөвлөөд байна” гэлээ.

Үргэлжлүүлэн Геодези, усны барилга байгууламжийн газраас үерийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд таван байршилд 3700 метр замын ус зайлуулах шугам, 1090 метр үерийн суваг шинээр барьж буй.  Ажлын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар ГУББГ-ын Ажлын албаны дарга Б.Бямбасайхан “Шунхлай ШТС-ын бууринд Дунд голын эргийн хамгаалалтын 210 метр даланг угсарч дууссан бөгөөд нөхөн сэргээлтийн ажил хийнэ. Мөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын үерийн хамгаалалтын барилга байгууламж угсралтын ажлын хүрээнд 350 метр урт үерийн сувгийг засаж байгаа ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)