Хөвсгөл далайгаас татан гаргасан техникүүдээр музей байгуулна

Admin | 2024-09-01


   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан ЗХЖШ, ОБЕГ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, “Геомастер” компанийн хайгуул, судалгааны баг хамтран Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргаж, дууслаа. Алба хаагчид техник, хэрэгслүүдийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн юм. Хөвсгөл далайгаас татан гаргасан автомашин техникүүдийг орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгсөн бөгөөд дээрх техникүүдээр музей байгуулахаар төлөвлөөд байна.   Техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцож цаашид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв. 

Мөн тус ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, ЗХЖШ-ын Барилга, инженерийн цэргийн удирдах газрын холбогч, хурандаа М.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аймаг, орон нутгийн холбогдох удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Танилц: Хөвсгөл далайн гүнээс татан гаргасан техникүүд

Ийнхүү эдгээр техник хэрэгслүүдийг татан гаргаснаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож далайг бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна. Хэрэв аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин км талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч бохирдуулах байжээ. Мөн загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь үхэж, Хөвсгөл нуурын экостистемд үлэмж хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Энэ их эрсдэл, аюулыг хамтын хүчээр зогсоож чадсаныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолсон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)