Нарансэвстэй нээгдвэл Мазаалайг мартаарай

Admin | 2024-10-09


    Говийн Их Дархан Цаазат Газрын онгон дагшин байдлыг алдуулах НОЦТОЙ зүйл болж байгааг ТА МЭДСЭН ҮҮ?.

Аль ерээд онд нээгдээд хэдхэн удаа ажиллаад хаагдсан, нээлттэй тохиолдолд байгаль экологийн ноцтой байдалд хүргэх Нарансэвстэйн боомтыг дахин сэргээж нээх талаар энэ хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт багтжээ. Аль намын хийх ажлын жагсаалтад байсан, аль даргын лоббигоор энэ асуудал орж ирсэн талаар хэвлэлүүд нарийн судалж мөрдөх биз ээ.

Наанаа иргэдийн хил гаалиар зорчих боломж, эдийн засгийн эргэлт гэсэн зүйлээр халхавч хийж байгаа ч цаанаа аль газрын эрх ашгийг илүүд үзэж байгаа талаар ч нарийн судлах ёстой болов уу. Ер нь сүүлийн үед орон нутгийн жижиг дарга нар хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөөд урд газрын мөнгөтэй хүмүүсийн халаасанд багтаад байгаа талаар сошиалаар шуугих болсон нь нууц биш юм.

Нарансэвстэйн боомтыг нээвэл Говийн Их Дархан Цаазат газрын А хэсэг буюу хамгийн зэрлэг онгон байгаль, тэнд амьдардаг хавтгай, мазаалай гээд том хөхтөн амьтад устах эрсдэлд орно. Энэ амьтад маш хол замыг туулж дараагийн устай газраа хүрдэг бөгөөд хатуу хучилттай зам бариад хөл хөдөлгөөн ихэдвэл дүрвэн алга болж, дараагийн устай газраа хүрч чадахгүй харангадаж үхэхээс эхлээд маш олон асуудал үүснэ. Зөвхөн том хөхтөн амьтад ч бус дагаад ховор зүйл  жижиг хөхтөн амьтад, ургамлын төрөл зүйл устана. Энэ тохиолдолд манай тусгай хамгаалттай газрыг түшиглэн олон жил судалгаа шинжилгээ хийж ирсэн олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын өмнө бид ичгүүртэй байдалд орно. Гадныхныг тоохгүй юм гэхэд дэлхийд  хосгүй Монголын Их говь гэдгээрээ гайхагддаг хамгийн ховор экологийн нөхцөл байдал алга болох эрсдэл байна. 

Монголчууд аль социализмын үед буюу 1975 онд энэхүү Говийн Их Дархан Цаазат Газрыг тусгай хамгаалалттай газарт авсан бөгөөд ирэх жил 50 жилийн ой нь тохионо. Хагас зууны турш төрийн хамгаалалтад байсан энэ сайхан газраа монголчууд бид хамгаалж үлдэх ёстой. Эцэст нь сануулахад Их говийн нүүр царай болсон хүрэн баавгайн хувьслын ганц жишээ – Мазаалай бол дэлхийд цор ганц судлагдахуун. Хэрэв Нарансэвстэйн боомт нээгдвэл Мазаалайг мартаарай гэж хэлэхээс аргагүй болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)