“Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.БАТСҮХ: Э.Бат-Үүлийг гэр хороололтой нь хамт хорилоо

Admin | 2022-01-16


Өнөөдөр “Гэр хороолол” хөдөлгөөнөөс Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг хилс хэрэгт гүтгэн, ял оноосон гэх байр суурийг илэрхийлж, мэдэгдэл хийлээ.

Тэд “Э.Бат-Үүлийг ялласан шүүхийн тогтоол одоо хүртэл гараагүй, хэрэгт хохирогчоор Нийслэл орж ирж байгаа ч хохирлоо тооцоолж чадаагүй, улсад учруулсан гэх хохирлынх нь хэмжээг албаны  хүмүүс тогтоогоогүй, Э.Бат-Үүл өөрөө 2013 онд АТГ-т бичиг өгч, “Миний хүүгийн компани сонгогдсон юм байна. Үүнд ашиг сонирхлын зөрчил байна уу” гэж шалгуулахад “Зөрчилгүй” гэж хариу өгсөн” зэрэг мэдээллийг өглөө.

Мөн Э.Бат-Үүлийн дараа хотын даргаар ажилласан С.Батболд, С.Амарсайхан нарыг АТГ-аар шалгуулна гэлээ.

Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Лифтэн дотор балаг тарьсан Б.Баасанцогт нарын жишгээр, ямар ял өгөх гэдгээ тохирч, схем гаргадаг явдал энд ч давтагдлаа. Э.Бат-Үүлийг гэр хороололтой нь хамт хорилоо.

Бидний хувьд “С.Батболдыг: Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмаар газрын үнэ цэнийг үнэгүйдүүлсэн, төрийн бодлогын залгамж алдагдуулж, дахин төлөвлөлтийн төслийг нураасан, хувийн өмчийг хууль бусаар хурааж, хууль зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, С.Амарсайханыг: Дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлээгүй, ингэснээр Нийслэл дэх хүхэрлэг хийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Угаартаж, амь насаар хохирч байгаа асуудал гаарсан. Мөн 22.9 тэрбум төгрөгийн дүүжин тээвэр барих нэрийдлээр Францын компани руу илжүүлсэн. Энэ хөрөнгө оруулалтаас замаас нь завшиж, бусдад давуу байдал олгосон зэрэг үндэслэлүүдээр шалгуулна” гэлээ.

Харин “Гэр хороолол” хөдөлгөөний зохицуулагч Я.Мөнгөнцэцэг “409-р анги бол хэрэг нь бүрэн шийдэгдээгүй хүмүүс хоригддог газар. Гэтэл хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хорьж, Э.Бат-үүлийн Баабар.мн-д нийтлэл бичихийг нь хориглосон байна.

Хэрэв төслийг С.Батболд, С.Амарсайхан нар үргэлжлүүлсэн бол ийм байдал үүсэхгүй байсан. МАН-ынхан зөвхөн утаагаар бизнес хийсэн. Шахмал түлшний ард ямар том бизнес явсан бэ, хэн хэн хөлжсөн бэ гэдгийг шалгуулмаар байна.

Э.Бат-Үүл өөрөө 2013 онд АТГ-т хандаж, хүүгийнх нь компани шалгарсан асуудлыг шалгуулсан байдаг. АТГ-аас буцаагаад зөрчил алга гэсэн хариу бичиг өгсөн. Үүнийгээ хавсаргаад 12-р хорооны иргэдэд үзүүлэхэд “Зөвхөн энэ компаниар хийлгэнэ” гэж зүтгэсэн баримт нь бий” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)