МУГТ С.Цэрэнчимэд ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртжээ

Admin | 2024-10-31


   Албанийн Тирана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-ээс гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, 59 кг-ын жингийн финалд тэр Японы Рисако Кавайд 4:2-оор ялагдсан байна. Ингэснээр манай тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь медалиа авч байгаа юм. Ингэхдээ тэр дэлхийн дэвжээнд гурван удаа финалдан нэг алт, хоёр мөнгөн медалиар энгэрээ мялааж байна. Анх 2014 онд 19-хөн настайдаа ДАШТ-ээс алтан медаль хүртэхдээ алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэгвэл дараа жил нь буюу 2015 онд дахин финалдаж, мөнгөн медаль хүртсэнээр 20 насандаа ДАШТ-ий хошой медальтан болов. Тэгвэл түүнээс хойш 10 жилийн дараа буюу 30 насандаа дэлхийн дэвжээн дээр гурав дахь медалиа зүүсэн нь мөнгө болж байна.

Харин түүний өрсөлдөгч Рисако Кавай дэлхийн аваргын дөрөв дэх алтан медалиа хүртлээ. Тэр ДАШТ-д  таван удаа финалдахдаа 2015 онд хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт 27 секундэд ялагдан мөнгөн медаль зүүсэн байдаг. Өөр түүнийг ялсан бөх байгаагүй юм. Үүнээс гадна цэнгэлийн манлай олимпоос хошой алтан медальтай шилдэг тамирчин билээ. Эмэгтэйчүүдийн олимпын бус дөрвөн жингийн гуравт нь япончууд түрүүлсэн бол 65 кг-д Хятадын бөх Цзя Лонг алтан медаль хүртсэн байна. Дөрвөн жингээс Японы тамирчид гурван алт, нэг хүрэл, Хятадын тамирчид алт, мөнгө, Монгол, Румын, Казахстан тус бүр нэг мөнгө, АНУ хоёр хүрэл, Беларус, Чех тус бүр нэг хүрэл медаль авчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)