Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт энэ сард хүн малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хяналт шалгалтыг чангаруулжээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, мах болон малын гаралтай түүхий эд худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байгаа аж. Мөн сум дундын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагчид халдварт өвчний голомт бүхий бүс нутагт хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Гэсэн ч шүлхий өвчин дэгдсэн аймаг, орон нутгаас Улаанбаатар руу малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх эрсдэлтэй. Иймд хорио цээрийн дэглэм тогтоосон аймаг, сумдаас тээвэрлэлт хийхийг хориглосныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг хэлэв. Тэрбээр “Шүлхий өвчний шинж тэмдэг гарсан бол тухайн аймаг, суманд 28 хоног хорио цээрийн дэглэм тогтооно. Энэ хугацаанд мал амьтнаас шүлхий өвчний шинж тэмдэг илрэхгүй бол 15 хоногийн хязгаарлалтын дэглэмд оруулна.
Нийт 42 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг цуцалдаг. Өнөөдрийн байдлаар 154 голомтын хорио цээрийг бүрэн цуцалсан. Мөн 53 голомт хязгаарлалтын дэглэмд шилжээд байна. Ер нь хорио цээр хэрэгжсэн аймаг, сумаас аливаа хөдөлгөөн хийхийг хориглосон. Мал эмнэлгийн гэрчилгээний үндсэн дээр нэвтрүүлнэ.
Энэ жилийн тухайд малын шүлхий өвчлөл их байгаа нь 2020-2021 оны өвөлжилт хүндэрсэн, цар тахлын нөхцөл байдал, отор нүүдэл зэрэг олон шалтгаан нөлөөлж байна. Ялангуяа малчид отроор нүүдэллэж байгаа нь хүндрэлтэй байдлыг үүсгэж байгаа юм” гэлээ. Мөн Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх “Хорио цээр тогтоосон аймаг, сумдаас тээвэрлэлт нэвтрүүлэхгүй байх, хүнсний аюулгүй байдалд анхаарч байна. Энэ асуудлыг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцна” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
tentsver.mn | 14 цагийн өмнө
Ж.ГАЛБАДРАХ: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын са...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Он гарсаар 36.1 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн э...
tentsver.mn | 2024-11-08