Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо

Admin | 2024-11-07


   ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж буй нь тогтоогджээ. Ялангуяа өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхи, никотинд донтох эрсдэл эрс нэмэгддэг байна. Иймд Боловсролын сайдын 2024 оны “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” тушаал гарлаа.

Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, ректор нарт үүрэг болгов. Үүнд:

  • Суралцагчийн өөрийн удирдлагын байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөний талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг насны онцлогт тохируулан тогтмол зохион байгуулах;
  • Электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулахад эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах;
  • Сургалтын байгууллагын дүрэм, дотоод хэм хэмжээнд сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглосон зохицуулалт тусгах.

Мөн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, электрон тамхины хор нөлөө, эрүүл мэндэд учрах эрсдэлийн талаар ярилцаж, ойлгуулахыг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)