ШӨХТГ-ын байцаагч нарт холбогдох хэргийг хэлэлцэж, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээжээ

Admin | 2022-01-17


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр хоёр сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого Р.Батсайханаас 25 сая, Э.Базаррагчаагаас 26 сая төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар энэхүү маргааныг хянан хэлэлцэж, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ. Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан үед жолооч Р.Батсайхан, Г.Базаррагчаа нар нь Эрээн-Улаанбаатар чиглэлд хүнсний нарийн ногооны тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ тээвэрлэлтийн хөлсийг үндэслэлгүйгээр өсгөсөн, ердийн үед 2-3 сая төгрөгийн үнэтэй байсныг 25-26 сая төгрөг болгож хэлэлцэн тохирч өсгөсөн, энэ нь хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн байх тул улсын байцаагчийн акт хуульд нийцсэн гэж үзжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)