Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлахаар мөрдөгчид өргөөнд нэвтэрчээ

Admin | 2025-01-03


Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өнгөрсөн сард цэргийн дэглэм тогтоох санаархал нь бүтэлгүйтсэн Ерөнхийлөгч Сок Ёлыг баривчлах захирамжийг хэрэгжүүлэхээр Ерөнхийлөгчийн өргөөнд нэвтрээд байна гэж Ёнхап агентлаг мэдээллээ.

12 дугаар сарын 3-нд Ерөнхийлөгч Юныг богино хугацаанд байлдааны байдал тогтоосонтой холбогдуулан бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлах захирамжийг авлигатай тэмцэх газар гаргасан юм.

Гэсэн хэдий ч Юны дэмжигчид Ерөнхийлөгчийн ордны гадаа ирж эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь авлигатай тэмцэх газрынхны ажлыг хүндрүүлж Ерөнхийлөгчийн хамгаалалтын албатай мөргөлдөөн үүсгэж болзошгүй байна. Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч Юныг огцруулахыг эсэргүүцэж баривчлахыг буруутгаж буй олон мянган дэмжигчид ордны ойролцоо цугларчээ.Цугласан иргэдийн заримыг нь цагдаа нар хүчээр тараасан байна.

Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг АТГ-аас ирж байцаалт өгөхийг гурван удаа шаардсан ч тэрбээр үл тоомсорлосон байна. Энэ ч үүднээс цагдан хорих захирамж гаргах хүсэлтийг Прокурорын байгууллагад гаргажээ.

Мөн тус газраас Ерөнхийлөгчийн өргөөнд нэгжлэг хийх зөвшөөрөл авчээ. Юны өмгөөллийн баг дээрх тушаалуудыг “хууль бус бөгөөд хүчингүй” гэж үзэж байгаа юм байна.

Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын алба эсвэл Юны талынхан АТГ-ын баривчлах ажиллагааг зогсоохыг оролдсон тохиолдолд цагдаа нар тэднийг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан хэргээр баривчлах болно гэж мэдэгджээ.

Түүнийг сөүлийн урд зүгт байрлах Гвачон дах Авлигатай тэмцэх газрын төв байранд аваачиж байцаахаар төлөвлөжээ. Үргэлжлүүлэн цагдан хорих уу эсвэл суллах уу гэдгийг 48 цагийн дотор шийдэх юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)