Говьсүмбэр аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

Admin | 17 цагийн өмнө


   Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийж, Онцгой байдлын газар болон Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдлийн нөхцөл байдал, цаг агаарын  болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн 2024 онд 56 удаагийн  дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 180 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын 689 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 2023 онтой харьцуулахад 42.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Түүнчлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт аймгийн хэмжээнд нийт 728 алба хаагч хамрагдаж, хангалттай дүгнэгдсэн байна.

Харин аймгийн хэмжээнд 2024-2025 оны мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89.9 хувьтай хангагджээ.

Тодруулбал, аймгийн  өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 54 хувь, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 89.5 хувь, малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл хангалт 80.7 хувьтай байна.

Отрын бүс нутагт гурван аймгийн 147.0 мянган толгой мал өвөлжүүлэхээр тогтсон.  2025 оны 1-р сарын 08-ний өдрийн байдлаар отроор өвөлжиж байгаа гадны аймаг сумдын малчин байхгүй байна. Гоц халдварт хонины цэцэг, бог малын мялзангийн тандалт судалгааг зургаан идэвхтэй ба идэвхгүй хэлбэрээр зохион байгуулсан. Тандалтанд эрсдэлтэй бүс нутгийн нийт 463 хот айлыг хамруулсан ба 16 мянга гаруй толгой малд эрүүл мэндийн ерөнхий үзлэг хийхэд хонины цэцэг, бог малын мялзангийн сэжиг илрээгүй байна.“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 79 хоршооны  220 малчин өрх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлэнд хамрагдсан гэдгийг энэ үеэр танилцууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)